Токио-2020: Олимпын хотхонд бэлгэвч тараах ч хэрэглэхгүй байхыг зөвлөв
2021-06-15

Цар тахлын улмаас нэг жил хойшлогдон, ирэх сард нээлтээ хийх Олимпын наадмын үеэр тамирчдын хотхонд гадаадын төлөөлөгчдийн мөрдөх журмыг наадмын зохион байгуулагчид танилцуулжээ. 

 

Токио хотноо болох Олимпын зохион байгуулагчид тамирчдад 150 мянга орчим бэлгэвч тараахаар төлөвлөж байгаа ч хүн хоорондын зай барих хатуу журам үйлчилж буй Олимпын хотхонд бэлгэвчийг ашиглалгүй, гэртээ авч харихыг зөвлөсөн талаар CNN мэдээлсэн байна. 

 

Олимпын хотхонд бэлгэвч тараах уламжлал 1988 оны Сөүлийн олимпоос эхтэй бөгөөд тамирчдад ДОХ болон ХДХВ-ийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор анхлан бэлгэвч тарааж байжээ. Олон улсын олимпын хороо энэ уламжлалыг зөрчихгүй байхаар шийдсэн ч тамирчдыг нэгнээсээ аль болох хол байхыг удаа дараа зөвлөсөөр байгаа юм. 

 

"Бэлгэвчийг Олимпын хотхонд ашиглах зорилгоор биш харин ХДХВ, ДОХ-ын талаарх ойлголтыг нь нэмэгдүүлэх, гэртээ авч харихад нь зориулж тараана" гэж Токиогийн олимпын зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

 

Үүний зэрэгцээ олон улсын тамирчид олимпын хотхонд ихэд "даруухан" нөхцөлд амьдрах аж. Тэдний өрөөнд боловсруулсан картонаар хийсэн нэг хүний ор, жижиг шүүгээ, хувцасны шүүгээ л байх гэнэ. 

Мөн коронавирусийн халдварыг тараахгүйн үүднээс тэмцээнийг үзэх цөөн үзэгчийг хашгирах, дуулахыг хориглосон, гагцхүү алга ташиж болно гэж Олимпын зохион байгуулагчид мэдэгдэж байлаа. 

 

Коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс олон өөрчлөлт гарсны дотор хоол хүнстэй холбоотой хязгаарлалтууд ч хэрэгжих болсон юм. Өмнө нь, нэг дор 4500 хүн хүлээн авах хүчин чадалтай хоолны танхимд Олимпын наадмын оролцогчид хооллоно гэж тооцоолж байлаа. Харин энэ нь цар тахлын нөхцөлд ихээхэн эрсдэлтэй тул тамирчдыг өрөөндөө орон, ганцаараа хооллохыг зөвлөжээ.

 

Хоолны тухайд, цэс нь Японы уламжлалт хоолноос бүрдсэн байна. Тамирчдад сомэн хүйтэн гоймон өгөх бөгөөд энэ нь Японы зуны халуун өдрүүдэд иддэг сонгодог хоолонд тооцогддог юм. 

 

Эргэн сануулахад, Токио-2020 олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийнэ. Энэ наадамд дэлхийн 205 орны 12500 тамирчин оролцох юм. Токио-2020 олимд нь онц байдлын улмаас хойшлогдсон анхны наадам, түүнчлэн Олимпын түүхэнд тэгш бус онд зохион байгуулагдаж буй анхны олимпод тооцогдож байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин