Файзер дельта штаммын эсрэг үр дүн багатай

Энэтхэгт анх илэрсэн, коронавирусийн дельта хувилбарын халдварын эсрэг Пфайзер/Бионтеч компанийн вакцин үр дүн багатай гэж Израилийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Тус яамны мэдэгдсэнээр, Израилийн хүн амын ихэнх хувийг дархлаажуулахад ашигласан Пфайзер вакцины үр дүн сүүлийн сард 64 хувь болтлоо буурсан байна. Тавдугаар сард гаргасан мэдээллээр, энэ вакцины үр дүн 94 хувийг давж байжээ. Ийнхүү вакцины үр дүн буурах болсон нь коронавирусийн дельта хувилбар тархсантай холбоотой гэж Израилийн эрдмтэд үзсэн байна. Гэхдээ Пфайзер вакцин халдвар авсан тохиолдолд өвчин хүндрэх, эмнэлэгт хэвтэх эрсдлийг бууруулж байгаа гэдгийг Израилийн Эрүүл мэндийн яам онцолжээ.
Харин Хадассын их сургуулийн эрүүл мэндийн төвийнхөн Пфайзер вакцин Энэтхэгийн дельта штаммын халдвараас 60-80 хувь хамгаалдаг гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн өвчний явцыг хөнгөвчлөхөд вакцины үр дүнгийн талаар дүгнэлт хийхэд эрт байгаа гэдгийг эрдэмтэд онцлоод Израилийн хүн амыг энэтхэг хувилбарын халдварын өсөлтийг зогсоохын тулд аюулгүй байдлын бүхий л арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалжээ.
Одоогийн байдлаар, дельта хувилбар дэлхий даяар хурдацтай тархаж байгаа юм. Эрдэмтдийн онцолсноор 2021 оны наймдугаар сар гэхэд Европын нутаг дэвсгэр дээрх коронавирусийн халдварын тохиолдлуудын 90 хувь нь дельта хувилбараас үүдэлтэй байх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ