Олимпын каратэгийн төрөлд оролцох ОХУ-ын цор ганц тамирчин өрсөлдөх боломжгүй болжээ

Оросын каратэчин Анна Чернышева Токио-2020 олимпын наадамд ОХУ-ыг төлөөлөн, каратэгийн төрөлд ганцаархнаа оролцох байсан юм. Гэвч коронавирусийн халдварын улмаас тэрбээр дэвжээн дээр гарах боломжгүй болжээ. Энэ талаар Оросын Каратэгийн холбоо мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.
"Японоос тун гунигтай мэдээ ирлээ. Манай каратэчин Анна Чернышева Олимпод өрсөлдөх боломжгүй болсон байна. Наадмын бүхий л оролцогчдоос авч буй шинжилгээний дүнгээр түүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Анна, юу ч боллоо гэсэн Орост Олимпын эрх авчирсан чамд гүнээ талархаж байна. Чамд одоо ямар хэцүү байгааг бид ойлгож байгаа тул бүх холбоогоороо дэмжиж байна" хэмээн Каратэгийн холбооны мэдэгдэлд өгүүлжээ.
Анна Чернышева тэмцээн эхлэхээс өмнө авсан шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан гэж оношлогджээ. Тэрбээр наймдугаар сарын тавны өдөр 55 хүртэлх килограммын жинд өрсөлдөх байсан юм. Анна Чернышевагаас гадна Оросын усанд сэлэлтийн тамирчин Илья Бородиноос ч коронавирусийн халдвар илэрч, мөн л Олимпод оролцох боломжгүй болж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ