Талибууд Ерөнхийлөгчийн ордон дээр далбаагаа мандуулав

img

Афганистаны хэт даврагч "Талибан" хөдөлгөөн нийслэл Кабул хотыг бүрэн хяналтдаа оруулж, улмаар Ерөнхийлөгчийн ордон дээр далбаагаа мандуулсан талаар Аль-Жазира телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, талибууд нийслэлийг эзлэснээр Афганистаны төв телевиз болон бусад төрийн байгууллагууд "Талибан" хөдөлгөөний хяналтад орсон байна. Өнгөрсөн ням гарагт Афганистаны төв телевиз эх орноосоо дүрвэсэн Ашраф Ганигийн ордноос шууд нэвтрүүлэг дамжуулсан бөгөөд ордны танхим, төрийн тэргүүний ажлын өрөөнд "Талибан" хөдөлгөөний удирдагчид ялалтаа тэмдэглэж байгааг харуулжээ.

 

Афганистаны нийслэл Кабулыг эзлэснийхээ дараа талибууд хүмүүсийг тайван байхыг уриалж, энгийн иргэдэд аюул учруулахгүй гэж мэдэгджээ. Талибуудын толгойлогчдын нэгнийх нь мэдээлснээр, Кабулыг эзлэн авахад АНУ-ын зүгээс ямар нэг эсэргүүцэлтэй тулгараагүй гэнэ. Түүгээр ч зогсохгүй Кабулын зарим дүүрэгт цэргүүдээ байршуулахдаа Америкийн талтай зөвшилцсөн гэх бөгөөд "АНУ-ын цэргүүдэд хамаарагдах" газар, объектуудад цэрэг оруулахгүйн тулд ийнхүү зөвшилцсөн аж.

 

Афганистан: Талибууд нийслэлийг эзэлж, Ерөнхийлөгч Гани эх орноо орхив

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ