Б.Баярсайхан: Сайд нар баг нэрээр баахан хулгайч шахдагаа болих хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төсөлд төрийн албаны зарим чиг үүргийг Засгийн газарт шилжүүлж, төрийн албаны шалгалтыг улирал тутамд зохион байгуулж байхаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хууль санаачлагчаас хариултаа авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ер нь Төрийн албаны хуулиа хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийг татан буулгачихвал яасан юм бэ, нэр зүүж байхаар. 2017 онд баталсан Төрийн албан хууль мерит буюу шатлан дэвших зарчмыг хуульчилсан. Бүр тодорхой жил тавьсан. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргын түвшний тэргүүн түшмэлийн албанд томилогдохын тулд төрийн албанд 16 жил, удирдах албанд 8 ажилласан байх ёстой. Гэтэл хуулиар тавьсан ажилласан жилийг алга болгосон байна. Тодохой хувиар дүйцүүлж тооцно гэчихээд хэдэн хувь нь тодорхойгүй. Тэгээд тодорхой хувийг Засгийн газар шийднэ гэж байна. Засгийн газар дураараа загнаад янз бүрийн томилгоо хийгээд байгаа учраас УИХ хуулиар хугацааг хатуу зааж өгсөн юм. Үүнийг байхгүй болгож байна.
Төрийн албаны гол зарчим чинь шалгалт өгч орох ёстой. Засгийн газрыг дураараа аашлуулахгүй, хянахын тулд УИХ-ын харьяа Төрийн албаны зөвлөл гэж байгууллага байгаа. Харин энд ажиллаж байгаа хүмүүс хяналт хийж чадахгүй, үлбийсэн байгаа. Үүний гор нь өнөөдөр төрийн албанд шалгалт өгөөгүй 1036 хүн томилогдсон байна. Энэ төрийн албаны зөвлөлийн арчаагүй байдлынх. Гэтэл одоо бүр УИХ-ын хяналтаас гаргах гэж байна. Засгийн газар УИХ-ын хяналтаас хангалттай гарчихаад байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Төрийн албаны зөвлөл шалгалтаа авдгаараа аваад, хүмүүсээ томилно. Шалтгалтгүйгээр томилох мэт буруу ойлголт төрүүлж болохгүй. Зөвхөн яам, агентлагийн асуудал биш. Сум орон нутагтаа олон жил ажилласан хүмүүс аймагтаа ажиллах эрх нь байдаггүй. Цаана нь байгаа олон салбарын хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байна. Салбар салбарын мэдлэг чадвартай хүмүүсийг төрийн албанд ажиллах эрхийг хуулиар хаачихаад байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төрийн албаны хуулийн гол үзэл санаа бол төрийн жинхэнэ албан хаагч улс төрөөс хараат бус, тусдаа байх ёстой. Одоо үүнийг “будаа” болгох гэж байна. “Улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн жинхэнэ алба хаасан хугацаанд дүйцүүлэн тооцно” гэж байна. Өөрөөр хэлбэл улстөрчид төрийн мэргэшсэн алба руу орох үүд хаалгыг цэлийтэл нээх гэж байна. Төрийн мэргэшсэн албыг улс төрийн байгууллага болгох гэж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төрийн албаны шинэчлэлийг сайн ойлгож, мэдэрч, ухаарах цаг болсон байна. Төрийн албаны хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх гэхээр олон асуудалтай тулгардаг. Монголын төрд чадвартай, сэтгэлтэй, мэдлэгтэй хүмүүсийн ажиллах боломжийг хаасан юм байна. Тэгээд чадваргүй, мэдлэггүй, сэтгэлгүй хүнд сурталнууд олон жил ажилласнаараа түрүү бариад ширээ сандалтай зууралддаг төртэй болсон. Өөрөөс нь мэдлэггүй, чадваргүй хүмүүс толгой дээр нь гарч суучихаад байгаа учраас ард иргэд бухимдаад байна. Сургуулийн шилдэг сайн захирал яагаад аймгийнхаа боловсролын газрыг удирдаж болдоггүй юм бэ.
Монголын төрд 200 000 мянган хүн ажиллаж байгаа. Үүнээс чадварлаг, шилдэг нь яагаад төрийн захиргааны албанд дэвшиж ажиллаж болдоггүй юм бэ. Монголын төрд шинэ салхи, шинэ менежмент оруулах боломжийг бий болгох ёстой.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Төрийн албанд сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Гэхдээ салхи оруулахгүйгээр, энэ хайрцгандаа бүгдийг чаддаг гэж өнөөдрийг хүрсэн. Тиймээс Ё.Баатарбилэг гишүүний хуулийг бүрэн дэмжиж байна. Салбартаа мэргэшсэн байдал маш чухал. Төрийн албаны өнөөдрийн хуулиар ХХААҮЯ-нд насаараа газрын дарга хийсэн хүн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болох боломжтой. Тэр салбарыг огт мэдэхгүй ч төрийн албанд ажилласан жилтэй гээд хаа хамаагүй томилдог. Хэдхэн хүн ээлжлээд дарга болдог байдалтай байна. Салхи оруулах хууль хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Баярсайхан: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Төрийн албанд хүн авахдаа сонгон шалгаруулалтад эхлээд анхаарах хэрэгтэй байна. Зөв хүн авах асуудал. Дараа нь ажлыг нь үнэлэх дүгнэх шаардлагатай байна. Төрийн албаны зөвлөл ажлаа хийж, үнэлгээ дүгнэлтэд нь төр оролцдог байх ёстой. Мерит зарчмаа зөв ойлгож, ур чадвар, ёс суртахуун, хичээл зүтгэлд нь үнэлгээ өгч, цааш ажиллах эсэхийг нь тодорхойлох шаардлагатай.
Дараа нь хариуцлага тооцох зарчим. Энэ бол манай улсад үнэхээр замбаараагаа алдсан. Нэг сайдын дагуулж ирсэн газрын дарга идэж ууж, самарч самарч явдаг. Ажлаа өгөөд явахаар араас нь өшиглөөд яахав, унасан дээр нь дэвслээд яахав гэдэг. Тэр хүнийг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцдог байдал тогтчихлоо. Авлига авч, ашиг сонирхлоор улсыг хохироосон бол ажлаа өгөхөөс гадна хариуцлагаа хүлээж, төлбөр мөнгөө тооцдог байх зарчим хэзээ үйлчлэх юм бэ. Ингээд зогсохгүй өөр яаманд албан тушаал ахиад, өөр салбарыг самраад явчихдаг. Тиймээс УИХ, ТАЗ энэ дампуу байдлыг зогсоохгүй бол ард түмний нэхээд байгаа ёс суртахуун, төрийн үйлчилгээ тогтохгүй.
Сайд нар багаа дагуулж ирнэ гэсэн нэрээр баахан хулгайч нар авчирч, яам, тамгын газарт шахдагаа өөрсдөө болих хэрэгтэй.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ