COVID-19: АНУ 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахыг зөвшөөрлөө

Коронавирусийн халдвар болон түүнээс үүдэлтэй нас баралтын тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа АНУ халдварын дэгдэлтийг хязгаарлах үүднээс хүүхдүүдийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулах төлөвлөгөө гаргасан юм. Америкийн эрх баригчид холбогдох албанаас зохих дүгнэлт гарсны дараа 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна гэж мэдэгдэж байлаа.
Улмаар АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын шинжээчийн комисс 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулахыг зөвлөсөн талаар Нью-Йорк Таймс мэдээлжээ. Эх сурвалжийн мээдэлснээр, шинжээчийн комиссын мэргэжилтнүүд энэ шийдвэрийг дийлэнх олонхын саналаар гарагсан байна. Тэдний үзэж байгаагаар Пфайзер вакцинаар дархлаажуулснаас үүдэлтэй үр ашиг нь эрсдэлээс давах гэнэ.
Вакцины зохицуулагч байгууллагын тэргүүн, доктор Питер Марксын онцолсноор 5-11 насныхны дунд хоёр сая гаруй хүүхэд өвдсөнөөс 8300 нь эмнэлэгт эмчлүүлсэн байна. Эмнэлэгт эмчлүүлсэн хүүхдүүдийн гуравны нэг нь эрчимт эмчилгээнд орж байсан гэдгийг тэрбээр цохон тэмдэглэжээ.
Ийнхүү АНУ 5-11 насныхныг вакцинд хамруулах шийдвэр гарснаар ойролцоогоор 28 сая хүүхэд вакцинд хамрагдах боломжтой бөгөөд 11 дүгээр сарын эхээр энэ насны бүлгийнхнийг дархлаажуулалтад хамруулж эхлэх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ