Х.Нямбаатар: Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хатуу шаардлага тавьсан

Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас хэлэлцээний явцын талаар тодрууллаа.
-Ажлын хэсэг өнөөдөр хуралдсан уу?
-Өчигдөр ажлын хэсэг хоёр талаасаа хуралдсан. Маргааш үргэлжлүүлэн хуралдана. Өнөөдөр төсвийн хэлэлцүүлэгтэй байсан учраас хуралдааныг нэг өдрөөр хойшлуулсан.
-Хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөөч?
-Рио Тинто компанийн Зэсийн группын захирал Б.Болд, Хөрөнгө оруулалтын захирал Ричард нарын хүмүүс ирсэн. Бид нэг шаардлагыг маш тодорхой тавьсан. Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй тохиолдолд Засгийн газар хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх боломжгүйгээ хэлсэн. 2019 оны УИХ-ын 92 дугаар тогтоолын 1-р заалтаар Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээр хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу шаардлагаа тавьсан.
-Хөрөнгө оруулагч тал шаардлагыг хүлээн авсан уу, ямар хариу өгсөн вэ?
Хөрөнгө оруулагч тал анх удаа Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүрээ хязгаарыг дараа уулзалтаар хэлэлцэх санал тавьсан. Өөрөөр хэлбэл гэрээний бүх заалтад өөрчлөлт оруулах боломжгүй, өөрчлөх хязгаараа тогтож, хэлэлцээрээ цааш үргэлжлүүлье гэсэн. Рио Тинто компани бидэнд дөрвөн санал ирүүлсэн.
-
Засгийн газрын 34 хувийг өр, нийлмэл хүүгийн хамт 2.3 тэрбум ам.доллар хүрээд байгаа. Энэ цаашид өсөн нэмэгдээд 2051 он гэхэд 22 тэрбум ам.долларын өртэй болно гэсэн болгоомжлол бидэнд бий. Энэ өрийг үүсгэхгүйн тулд 2.3 тэрбум ам.долларын 70 хувь буюу 6 тэрбум ам.долларын өрийг тэглэе.
-
Далд уурхайн бүтээн байгуулалтын капитал зардлын өсөлт болох 5.4 тэрбум ам.доллароос менежментийн төлбөрөө суутгах тооцохгүй.
-
Далд уурхай хугацаандаа ашиглалтад ороогүйд Монголын Засгийн газар буруугүй. Энэ бол менежментийн алдаа учраас 350 сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийн бинифит өгье.
-
Цаашид засаглалыг сайжруулъя, хувьцаа эзэмшигчдийн оролцоог нээлттэй болгоё.
Харин бид энэ дөрвөн саналд сэтгэл хангалуун бус байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой өөрчлөлт оруулах шаардлагаа тодорхой тавьсан.
-Үр дүнд хүрсэн хэлэлцээ бий юу?
-Тавантолгойн цахилгаан станцын санхүүжилтыг босгохуйц эрчим хүч тогтвортой худалдан авах гэрээнд хоёр тал 11 дүгээр сарын 7-нд багтаж гарын үсэг зурахаар тохиролцсон. Энэ гэрээнд гарын үсэг зурвал төсөл урагшлахад том ахиц үзүүлнэ.
-Хөрөнгө оруулалтын шаардлага, хүсэлт юу вэ?
-Айлын тал далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоомооргүй байна гэсэн хүсэлт тавьсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа 2022 онд ашиглалтад оруулах ёстой. Ил, далд уурхай зэрэг ажиллахаар энэ компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Их хэмжээний хөрөнгө оруулсан учраас цаг алдмааргүй байна гэдгээ хэлж байгаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ