С.Амарсайхан: Эгийн голын УЦС-ын талаар Орос-Монголын хооронд үл ойлголцсон асуудал байхгүй

img

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлд мэдээлэл өглөө.

 

 

-Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцсэн талаар мэдээлэл өгөөч?

 

ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан жил бүр болдог. Энэ удаагийн хурлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 12 дугаар сард ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангахаас гадна хэд хэдэн асуудлаар ярилцсан. Тухайлбал:

 

  1. Эрчим хүчний салбарт хамтарч ажиллана. Энэ хүрээнд III цахилгааны станцыг хамтран өргөтгөх бөгөөд ажил нь 2022 онд эхэлнэ.

  2. Төмөр замыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана. Энэ хүрээнд төмөр замын тарифыг 2025 он хүртэл үе шаттайгаар шинэчилнэ.

  3. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тэр дундаа агаарын тээврийн шатахууны нийлүүлэлт

  4. Хийн хоолойн төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудал яригдсан.

 

-Оросын тал Эгийн голын УЦС-ыг барихыг эсэргүүцдэг. Энэ удаа ч эсэргүүцлийн байр сууриа илэрхийлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

 

-Монгол Улс хоёр хөрштэйгээ, гуравдагч, дөрөвдэгч орнуудтай эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтран ажиллах бодлогыг барьж ирсэн гэдгийг зориуд тэмдэглэе. Энэ хүрээнд Эгийн голын УЦС-ыг барих, эрчим хүчний цогцолборуудыг өргөтгөх асуудал өргөн хүрээнд яригдсан. Манай талаас дунд болон том оврын УЦС-ыг барьж байгуулах, байгаль орчны судалгаа хийхээс эхлээд технологийн асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хүчний төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх саналыг тавьж байгаа. ОХУ-ын зүгээс Эгийн голын УЦС байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учраас энэ төсөлд оролцохоо тодорхой хэлэх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Манай улс ч байгаль орчноо хамгаалахад анхаарал хандуулж байгаа учраас хоёр тал хамтран судлахаар болсон. Түүнээс нэг нь тулгаж шаардаад, нөгөөх нь сөрөг байр суурь илэрхийлээгүй. Айхтар ноцтой үл ойлголцсон асуудал байхгүй.

 

-Оросын талаас  эрчим хүчээр "барьцаалж" байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү? 

 

-Хоёр улсын хооронд нэгнээ барьцаалсан, өгөө аваатай болзол тулгасан асуудал байхгүй. Манай улс эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаасаа илүү хэрэглээтэй байгаа. Өвлийн ид хүйтний үед ачаалал өндөр байдаг. Ид оргил ачааллын үе буюу шөнийн цагаар ОХУ-аас тохиргооны шугамаар 100 орчим мВт-ын цахилгаан эх үүсвэрийг авч байгаа. Цаашид нэмэгдүүлж 200-240 мВт-ыг авч, ачааллыг тэнцвэржүүлнэ. Засгийн газар цаашид цахилгаан эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэж, хангахад онцгой анхаарч байгаа. Энэ хүрээнд  Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгой, Оюутолгойн цахилгаан станц, II, III станцын өргөтгөлийг ойрын хоёр, гурван жилдээ хийчихвэл гаднаас эх үүсвэр авах шаардлагагүй болно. 

 

-Оросын талаас байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх шаардлага тавьсан гэсэн?

 

-Эгийн голын УЦС-ын асуудлаар ОХУ ч, манай улс ч байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж, нэгдсэн судалгааны үр дүн гаргаж авах ёстой гэж үзэж байгаа. Байгаль орчны үнэлгээ судалгаа хийдэг Франц улсын компани зарим судалгааг хийж байна. Энэ талаар хамтран ажиллахаар ойлголцсон.

 

-Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн ажил ямар шатандаа яваа вэ?

 

-ТЭЗҮ хийгдээд бүрэн дууссан. Хугацаанаасаа 15 хоногийн өмнө дууслаа. Үргэлжлүүлээд Оросын талтай хамтран инженер, техникийн нарийвчилсан зураг төслийн ажилдаа орно. Зураг төслийн ажил хоёр жилийн хугацаанд хийгдэнэ. Үнэ тариф, түрээсийн төлбөр, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлогын талаар нарийн тоо хэлэх боломжгүй. Олон улсын үнэ тарифийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээрт нарийн тусгагдана. ОХУ, БНХАУ-тай гэрээ хийх ажлууд үе шаттай явагдана. Энэ асуудал Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нарийвчлан яригдах төлөвтэй байна.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оросуудад:
Одхүү шиг салаавч өгч чадах уу
2021-11-29