Вакцинд хамрагдахаас татгалзвал торгоно

Австрид коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдахаас татгалзсан хүмүүсийг торгох гэнэ. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Австрийн Засгийн газрын боловсруулж буй коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд албан журмаар хамруулах тухай хуулийн төсөлд ийм заалт багтжээ.
Die Presse сонины мэдээлснээр, вакцин тариулахаас татгалзсан хүмүүсийг 3600 еврогоор торгох бөгөөд энэ торгуулийг төлөхөөс татгалзвал дөрвөн сарын хугацаагаар хорих ял оноох заалт энэ хуулийн төсөлд тусгагдсан байна. Коронавирусийн вакцинд хамрагдах шаардлагатай гэсэн мэдэгдлийг хоёронтоо үл хэрэгсвэл торгууль нэмэгдэж, 7200 евро болох гэнэ.
Хуулийн төсөлд зааснаар, ирэх оны хоёрдугаар сараас эхлэн албан журмын дархлаажуулалтыг нэвтрүүлэхээр зэхэж байгаа аж. Энэ шаардлага Австрийн бүхий л оршин суугчдад хамааралтай. Гагцхүү эмнэлгийн заалтаар (вакцин тариулвал амь нас, эрүүл мэндэд нь халтай гэдгийг эмч нар баталсан тохиолдолд) вакцин тариулах боломжгүй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон 12 хүртэлх насны хүүхдүүд энэ журмаас чөлөөлөгдөх аж.
Хуулийн төслийг батлахын тулд Австрийн парламентын хоёр танхимаар хоёулангаар нь дэмжигдэх ёстой юм. Өмнө нь энэ улсын засгийн газар албан журмын дархлаажуулалтыг нэвтрүүлэхээр төлөвлөснийг олон нийт эсэргүүцэн жагсаж байлаа.
Энэ улсад коронавирусийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш Австрид 1,14 сая хүн коронавирусийн халдвар авснаас 12 388 хүн нас барсан байна. Австрийн эмч нар коронавирусийн тархалтын нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж, хүнд тохлиолдлууд олон байгаа нь эрүүл мэндийн салбарын ачаалал хэт нэмэгдсэнийг илтгэж байна хэмээн анхааруулжээ.
Мөн энэ улсад "омикрон" штаммын анхны тохиолдол илэрсэн юм. Африк руу аялаад ирсэн жуулчнаас "омикрон" штаммын халдвар илэрсэн бөгөөд дахин 30 орчим сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ