ДЭМБ шинэ штаммыг нэрлэхдээ Nu болон Xi үсгүүдийг алгассаны учир

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ оны тавдугаар сараас эхлэн коронавирусийн хувилбаруудыг нэрлэхдээ Грек цагаан толгойн үсгүүдийг ашиглаж байгаа юм. Эдгээрээс Дельта үсгээр тэмдэглэгдсэн хувилбар хамгийн их тархсан бөгөөд үүний араас Эпсилон, Йота, Лямбда үсгүүдээр нэрлэгдсэн хувилбарууд гарсан ч үндсэндээ намжсан гэж CNN агентлаг мэдээлжээ.
Харин эдгээр үсгүүдээр нэрлэгдсэн хувилбарын дараа шинэ хувилбар гарвал Грек цагаан толгойн дарааллын дагуу Nu үсгээр тэмдэглэхээр байсан ч өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт илэрсэн В.1.1.529 хувилбарыг энэ үсгээр тэмдэглэсэнгүй. Зөвхөн энэ үсгийг алгасаад зогсолгүй Xi буюу Си үсгийг ч алгаса, Грек цагаан толгойн 15 дахь үсэг болох Омикроноор шинэ хувилбарыг нэрлэжээ.
"Nu үсгээр тэмдэглээгүй нь "шинэ" гэсэн үгтэй (shuud.mn: англи хэлний new-шинэ гэсэн үг нь Nu үсэгтэй дуудлагын хувьд ижил) андуурагдаж болзошгүй гэж үзсэн. Харин Си (Xi) үсгээр илэрхийлэгддэг овог нэр байдаг учраас ашиглаагүй. ДЭМБ шинэ өвчнийг нэрлэхдээ "аливаа соёл, нийгэм, үндэстэн, бүс нутаг, мэргэжлийн эсвэл угсаатны бүлгүүдийг гутаан доромжлохоос зайлсхийдэг" хэмээн ДЭМБ CNN агентлагт өгсөн тайлбартаа өгүүлжээ.
Грек цагаан толгойн Xi-Си үсэг нь улс орон бүрт өөр өөрөөр дуудагддаг ч Хятадын дарга Ши Жинпинийн нэрийг англиар Xi Jinping гэж галигладаг бөгөөд ДЭМБ энэ шалтгааны улмаас Xi-Си үсгийг ашиглаагүй байж мэднэ гэж CNN мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ