Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапогийн эхнэр хорих ял сонсов

Одоо шоронд хоригдож буй, хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо хочит Хоакин Гусманы эхнэр Эмма Коронель Айспуро хорих ял сонсчээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
АНУ-ын шүүх дээр тэрбээр Синалоа хар тамхины бүлэглэлд тусалдаг байснаа хүлээсэн бөгөөд улмаар гурван жил шоронд хоригдохоор болжээ. Вашингтоны Холбооны шүүх түүнд ял тулгахын өмнө 32 настай Коронель АНУ-*ын тойргийн шүүгч Рудольф Контрерасаас түүнд өршөөлтэй хандахыг гуйсан гэнэ. Эмма Гусманы эхнэр тул түүнийг шүүгч өршөөхөд хэцүү гэж тэрбээр айж байсан хэмээн ярьжээ. "Энэ шалтгаанаар та надад хатуу хандах ёстой байх, гэхдээ би таныг надад өршөөлтэй хандахыг гуйж байна" хэмээн Гусманы эхнэр өгүүлсэн байна.
Энэ оны зургадугаар сард Коронель өөрийгөө хар тамхи түгээх, мөнгө угаах зорилгоор үгсэн хуйвалдаанд оролцсон, Синалоа хар тамхины бүлэглэлийн санхүүгийн хэлэлцээрүүдэд оролцож байсан гэдгээ хүлээсэн байна. Холбооны прокурорын газар түүнийг дөрвөн жилийн хорих ял, 1,5 сая долларын торгууль ноогдуулахыг шаарджээ. Эммаг баривчилсаны дараа хэргээ хурдан хүлээсэн тул түүний ялын хэмжээнд нөлөөлсөн гэнэ.
Өмнө нь АНУ-ын гоо бүсгүйн титэм хүртэж байсан Коронель энэ оны хоёрдугаар сард Вашингтоноос холгүйхэн байх Даллесын олон улсын нисэх буудал дээр баривчлагджээ. Тэрбээр Гусмантай гэрлээд ихэр охид төрүүлсэн бөгөөд охид нь одоо есөн настай гэнэ. Эмма Коронелийн өмгөөлөгч түүнийг "насанд хүрээгүй байхдаа хар тамхины наймааны ертөнцөд орсон, өршөөгдөх ёстой" гэж мэдэгдсэн байна.
"Эмма насанд хүрээгүй байхдаа Гусмантай танилцсан. Тэр тэгэхэд 17 настай л байсан, харин 18 насныхаа төрсөн өдрөөр Гусмантай гэрлэсэн" хэмээн өмгөөлөгч нь мэдэгджээ.
Коронель баривчлагдсаныхаа дараа хууль сахиулах байгууллагынхантай хэлэлцээ хийж, Гусманыг 2014 онд шоронд байх үеэр нөхрөө төлөөлөн Синалоа бүлэглэлийн бусад гишүүдтэй холбоо харилцаа тогтоож байсан гэдгээ хүлээжээ. Мөрдөн байцаагчдын тогтоосноор, Гусман 2015 онд шоронгийн камерын доогуурх хонгилоор дамжин шоронгоос оргох төлөвлөгөө гаргахын тулд эхнэрээ ашигласан байна. 2016 онд Гусманыг баривчилж, жилийн дараа АНУ руу шилжүүлж байв.
Улмаар 2019 оны 12 дугаар сард Хоакин Гусманыг хар тамхи наймаалсан, үгсэн хуйвалдсан, хүн барьцаалсан, хүний амь хөнөөсөн зэрэг олон хэргээр буруутгаж, бүх насаар нь хорих ал оноосон юм.
Хоакин Гусман
Эль Чапо хочит Хоакин Гусман дэлхийн хамгийн чинээлэг гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад багтдаг. Түүний хөрөнгө нь нэг тэрбум ам.доллар
Гэмт хэргийн ертөнцөд Эль Чапо хочоороо алдартай Мексикийн гэмт хэрэгтэн, тэрбумтан Хоакин Гусман Лоэра шоронгоос хэдэнтээ зугтаж байв. Тухайлбал 2015 онд тэрбээр Мексикийн чанга дэглэмтэй хорих ангиас дахин оргосон байна. Хар тамхины наймаачин тэрбээр хоригдож байсан өрөөнийхөө доогуур 1,5 км урт хонгил ухаж зугтжээ.
Түүнийг анх 1993 онд баривчилж, 20 жилийн хорих ял оноож байсан бөгөөд тэрбээр найман жил шоронд суугаад оргож байв. Эль Чапо оргоход нь туслах 80 хүнд мөнгө өгч, бохир даавууны сагсан дунд нуугдан, шоронгоос оргож байжээ.
Хууль сахиулагчид 2016 онд Эль Чапог баривчилсан бөгөөд тэрбээр Осама бен Ладеныг нас барснаас хойших хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтэнд тооцогдож байв.
Тэрбээр “Синалоа” хар тамхины бүлэглэлийн тэргүүн. АНУ-ын эрх баригчид Эль Чапог илчилсэн хүнд таван сая долларын шагнал амлаж байсан нь олон улсын хар тамхитай тэмцэх түүхэнд амлаж байсан хамгийн өндөр шагнал байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ