Польшид хуруу зайны хаягдлыг гацуураар сольж байна

img

Польшид байгальд хортой хог хаягдлыг хаа сайгүй хаяхгүйгээр цуглуулах, ингэж цуглуулсан иргэдийг урамшуулах нэгэн арга бодож олжээ. 

 

Тодруулбал, хуруу зайны хаягдлыг шинэ жилийн гацуураар сольж байгаа гэнэ. Ийм саналыг Польшийн Тыхы хотын захиргаа тавьжээ. "Эерэг энергитэй гацуур" нэртэй энэ аян 12 дугаар сарын нэгнээс Зул сарын баяр хүртэл үргэлжлэх юм байна. Энэ арга хэмжээ "3R"-"Reduce, Reuse, Recycle" (shuud.mn: "Багасга, Дахин ашигла, Дахин боловсруул") уриатай долоо хоногийн хүрээнд явагдаж байгаа аж. 

 

Шинэ жилийн гацуур авахад тийм ч их хуруу зай цуглуулах шаардлагагүй, 0,5 кг байхад л болзол хангах гэнэ. Хотын дарга Анджей Дзюбагийн мэдэгдсэнээр, иргэд цуглуулсан хуруу зайны хаягдлаа үйлчилгээний албаныханд өгч, оронд нь тасалбар авах юм байна. Энэ тасалбараар хотын цэцэрлэгт хүрээлэнд аянд зориулан гаргасан 500 зул сарын гацуураас сонгон авах аж.

 

Энд дуулгахад, Европын холбооны орнуудад ашигласан бүхий л хуруу зайныхаа 48 хувийг дахин боловсруултад илгээдэг гэнэ. Энэ салбарт польшууд эхний гуравт бичигддэг бол Хорватууд тэргүүлдэг байна. Хорватад хуруу зайн хаягдлын 96 хувийг дахин боловсруулдаг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ