БНСУ-д омикрон штамм илэрч, хилийн хяналтаа чангатгахаар болов

Өмнөд Солонгост омикрон штаммын анхны тохиолдлууд илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар "Чосон ильбо" сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Нигери улсаас ирсэн 40-50 насны гэр бүлийн хоёроос шинжилгээ авахад омикрон штаммын халдвар болох нь батлагдсан талаар 12 дугаар сарын нэгний өдөр БНСУ-ын ЭМЯ мэдээлсэн байна. Халдвар авсан хоёр хүн хоёулаа Модерна вакцины бүрэн тунд хамрагдсан байсан бөгөөд 11 дүгээр сарын 14-23-ны хооронд Нигерид очжээ. Тэднээс 11 дүгээр сарын 25-ны өдөр шинжилгээ авахад коронавирус илэрч, улмаар 12 дугаар сарын нэгний өдөр энэ халдвар нь омикрон штаммаар үүсгэгдсэн гэдэг нь тогтоогдсон байна. Одоо энэ хоёр хүнтэй хамт нэг онгоцоор ирсэн бүхий л зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавьж байгаа гэнэ.
БНСУ омикрон штамм дэгдэж буй ӨАБНУ болон Өмнөд Африкийн долоон орноор зорчсон гадаадын иргэдийг улс руугаа оруулахгүй байх шийдвэр гаргасан юм. Харин эдгээр орнууд руу зорчсон Өмнөд Солонгосын иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан ч эх орондоо эргэн ирснийхээ дараа тусгаарлалтад байх ёстой гэнэ.
Омикрон штамм дэгдэх аюул нүүрлэсэн тул хил дээр вирусийн эсрэг арга хэмжээг чангатгахыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үүрэг болгожээ.
АНУ-д ч мөн омикрон штаммын халдварын анхны тохиолдол илэрсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 29-ний өдөр шинжилгээ өгсөн хүний хариу нь эерэг гарчээ. Харин түүнтэй ойрын хавьталд орсон хүмүүс халдвар аваагүй гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ