Сүүлийн үед Украин, Оросын харилцаа хурцадмал болж, Орос Украин руу дайрч болзошгүй гэж барууныхан ихээр мэдэгдэх болсон. Энэ хүрээнд барууны орны тэргүүнүүд болзошгүй нөхцөл байдал бэлэн байх талаар хэлэлцсээр байгаа юм.
Орос улс Украины нутаг дэвсгэр рүү халдахаар шийдсэн тохиолдолд АНУ Дорнод Европ руу цэргүүдээ илгээх хувилбарыг авч хэлэлцэж байгаа гэнэ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. Түүний өгүүлснээр, 2014 онд Украины дорнод хэсэгт болсон үйл явдлын үеэр НАТО-ийн олон орон АНУ-аас дэмжлэг хүссэн, тэр дундаа өөрсдийн нутаг дэвсгэр дээрх Америкийн цэргүүдийн тоог нэмэгдүүлэхийг хүссэн гэнэ.
"Мэдээж, Орос улс Украин руу халдахаар шийдвэл энэ асуудлыг авч хэлэлцэнэ" хэмээн Псаки мэдэгджээ.
Орос Украин руу халдах уу?
ОХУ Украин руу халдахаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл Америкийн хэвлэлүүдээр өнгөрсөн 10 дугаар сараас л гарч эхэлсэн бөгөөд тухайн үед энэ мэдээллийг Америкийн тагнуулын газраас авсан эх сурвалжаас иш татсан хэмээн онцолж байв. Украины баталж байгаагаар, Орос улс хил дээр 94 мянга орчим цэргийн алба хаагч байршуулж, хил рүү хуягт танк, радиоэлектроны системүүдийг татсан гэнэ.
Харин Оросын тал Украин руу дайрахаар бэлдэж байгаа гэсэн энэ мэдээллийг няцааж, цэргийн сургуулилалт хийж байгааг удаа дараа онцолж байсан юм. "Бид өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ цэргээ хөдөлгөх эрхтэй, гэхдээ ямар ч хурцадмал байдал үүсгэх зорилгогүй" хэмээн Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушков 12 дугаар сарын эхээр мэдэгдэж байлаа.
Түүнчлэн Украин нөхцөл байдлыг хурцатгах зорилгоор цэргүүдээ хөдөлгөж байгаа гэж ОХУ мэдэгдэж байв. ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдсэнээр Украин улс Оростой залгаа хил рүүгээ 125 мянган цэрэг илгээжээ.
Энэ сарын долооны өдөр болсон АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт цахимаар болох үед ОХУ Украин руу дайрч болзошгүй гэсэн сэдэв нь тэдний ярианы гол сэдэв болж байлаа.
Хоёр орны төрийн тэргүүн ярилцах үеэр Украины хилийн орчимд Оросын цэргүүд олноор байрласантай холбоотой нөхцөл байдалд АНУ санаа зовниж байгаагаа Байден илэрхийлээд, "АНУ болон манай холбоотнууд нөхцөл байдал хурцадвал эдийн засгийн болоод бусад шийдэмгий арга хэмжээгээр хариу барина гэдгийг цохон тэмдэглэсэн" юм.
Үүний хариуд Путин НАТО Украины нутаг дэвсгэрийг эзэмших аюултай оролдлогууд хийж байгаагийн дээр Оросын хилийн орчимд цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна хэмээн мэдэгдэж байлаа.
"Тиймээс Орос улс дорнод чиглэлд НАТО хүчээ зузаатгахгүй байх, Оростой хил залгаа улс орнуудад цохилтот, дайралтын систем байршуулахгүй гэсэн найдвартай, хууль ёсоор баталгаажсан баталгаа авах сонирхолтой" хэмээн Оросын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Г.Бямбасүрэн