ДЭМБ: Вакцинтай хүнд ч омикрон халдварлах тул баярын арга хэмжээгээ цуцлахыг уриалж байна

Коронавирусийн шинэ штамм болох омикрон халдварлах чадвар өндөр гэсэн таамаглал батлагдсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ. Омикрон штаммын халдвараас вакцинаар үүсгэгдсэн дархлаа ч хамгаалж чадахгүй байж мэднэ гэж тэрбээр онцолсон байна.
Хурдтай тархдаг гэгдэж байсан коронавирусийн дельта хувилбараас ч илүү хурдацтайгаар омикрон штамм тархдаг гэдгийг батлах баримт ДЭМБ-д байгаа гэж Гебрейесус мэдэгджээ. "Вакцин тариулсан эсвэл халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахиад коронавирусийн халдвар авах магадлал өндөр" хэмээн ДЭМБ-ын захирал мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.
Түүнчлэн 2021 он гарснаас хойш дэлхий даяар коронавирусийн улмаас 3,3 сая хүн нас барсныг ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ. Ингэснээр, энэ онд ХДХВ, уяман, сүрьеэ өвчнөөс үүдэлтэй бүх нас баралтаас коронавирусээс үүдсэн нас баралт давсан байна. Гебрейесусийн онцолсноор долоо хоног бүр 50 мянган хүн коронавирусийн улмаас нас барж байгаа гэнэ.
ДЭМБ-ын тэргүүний үзэж байгаагаар тун удахгүй болох шинэ жилийн баярын үеэр өвчлөл болон нас баралт нэмэгдэх аюултай аж. Энэ нь эрүүл мэндийн системд ихээхэн ачаалал өгөх тул "өөрийгөө болон бусдыг өвчнөөс хамгаалахын тулд хүндхэн шийдвэр гаргах"-ыг ДЭМБ-ын тэргүүн уриалжээ. Мөн шаардлагатай бол баярын арга хэмжээг хойшлуулах, эсвэл цуцлахыг тэрбээр хүссэн байна.
Энд дуулгахад, Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн статистик мэдээллээр, коронавирусийн цар тахал эхэлснээс хойш 247 сая гаруй хүн халдвар авснаас 5 сая гаруй нь нас баржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ