Казахстанд саатуулагдсан Киргизийн хөгжимчнийг суллажээ

Казахстанд эмх замбараагүй байдалд оролцсон хэргээр саатуулагдсан Киргизийн хөгжимчин Викрам Рузахуновыг суллажээ. Энэ талаар Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооноос авсан эх сурвалжтайгаар Интерфакс мэдээлсэн байна.
"Викрам Рузахуновыг сулласан. Одоогоор түүнийг эх оронд нь буцаах асуудлыг шийдвэрлэж байна" хэмээн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны хэвлэлийн алба мэдээлжээ.
Казахстаны эрх баригчид тус улсад үүссэн эмх замбараагүй байдлыг алан хядагчид өдөөсөн хэмээн мэдэгдэж, "гадны хүч" оролцсон гэдгийг нотлох гэж Казахстаны төрийн сувгаар "гадаадаас ирж эмх замбараагүй байдал үүсгэхэд оролцсон" гэх хүнийг харуулсан дүрс бичлэг цацсан юм. Гэтэл "алан хядагч" гэж сэжиглэгдэж буй энэ хүн үнэндээ Киргизээс ирсэн жааз хөгжимчин Викрам Рузахунов байсан. Тэрбээр аялан тоглолтоор Казахстанд ирсэн бөгөөд мөргөлдөөн эхэлсний дараа сураггүй болсон гэнэ.
Энэ мэдээлэл гарсны дараа Киргизийн тусгай албаныхан "алан хядагч" гэж баривчлагдсан хөгжимчнийг "энгийн иргэн" хэмээсэн бол Киргизийн Гадаад хэргийн яам энэ үйлдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Улмаар Алматы хотод баривчлагдсан хөгжимчин Викрам Рузахуновыг нэн даруй суллахыг уриалж байв. Түүнчлэн Киргизийн иргэнийг тамалсан хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг Киргизийн Хуульзүйн яам Казахстаны Ерөнхий прокурорын газраас шаардсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ