Путин: Казахстаны эсэргүүцэлд Майданы технологи ашигласан

Нэгдүгээр сарын 10-ны өдөр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн хурал боллоо. Энэ хурал дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхдээ Казахстан улс үндэсний аюулгүй байдлынхаа асар том сорилттой нүүр тулгарсан хэмээн онцолжээ.
Путиний өгүүлснээр, Казахстаны аюул занал нь эсэргүүцлийн арга хэмжээнээс биш харин "зэвсэг барин төрт улс руу дайрсан" хүмүүсээс үүдэлтэй гэнэ. Казахстанд "эмх замбараагүй байдлыг мэдээллийн дэмжлэгээр ашиглах Майдантай" адил технологийг ашиглаж" иргэдийг олон нийтийн сүлжээгээр эсэргүүцэлд татсан гэж Путин үзэж байгаа аж.
Казахстаны нөхцөл байдал "бүх хүнд хамаатай" гэж Путин үзэж байгаага хурлын үеэр илэрхийлсэн байна. Казахстан руу халдсан нь "цаг алдалгүй хариу үйлдэл үзүүлэх ёстой" байсан түрэмгийллийн хэлбэр гэдэгтэй Владимир Путин санал нэгджээ. "Алан хядагчид, эрүүгийн хэрэгтнүүд, тонуулчдад саад учруулахын тулд" асар богино хугацаанд энхийг сахиулагчдыг илгээх шийдвэр гаргах ёстой байсан гэж Путин мэдэгджээ.
"Казахстаны төрт улсад нүүрлэсэн аюул занал нь түлшний үнийн өсөлтийг эсэргүүцсэн арга хэмжээгээр биш харин гадны хүчний ашигласан нөхцөл байдлаас үүдэлтэй гэдгийг бид ойлгож байна. Хийн зах зээл дээрх нөхцөл байдлын улмаас эсэргүүцлээ илэрхийлж байсан хүмүүс бол өөр хэрэг, тэдэнд нэг зорилго байсан. Харин гартаа зэвсэг барьж төр улс руу дайрсан нь огт өөр хүмүүс, тэдэнд өөр зорилго байсан" хэмээн Путин мэдэгджээ.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчдыг Казахстан руу "тодорхой хугацаагаар" илгээсэн, Казахстанд байх хугацааг тухайн улсын эрх баригчид тодорхойлно гэж Оросын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
"Энхийг сахиулагчид дэд бүтцийн гол объектуудыг хамгаалалтдаа авч, эдгээр объектуудыг Казахстаны эрх баригчид хяналтдаа байлгахад дэмжлэг үзүүлж байгаа. Харин Казахстаны хууль сахиулагчид болон хүчний байгууллагууд терроризмтай тэмцэх, цэргийн ажил, энгийн ард иргэдийг хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаа юм" хэмээн Путин тайлбарлажээ.
Владимир Путиний өгүүлснээр, Казахстаны нөхцөл байдал одоо аажмаар тогтворжиж байгаа гэнэ. Ойрын үед "тус улс даяар нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авч, тогтворжино" гэж найдаж байгаагаа Путин илэрхийлжээ.
Казахстанд үүссэн өнхцөл байдал нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дотоод асуудалд "хөндлөнгөөс оролцох гэсэн анхны мөн сүүлийн оролдлого биш" хэмээн Оросын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. "Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын шугамаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь бид гэртээ өөрсдөө нөхцөл байдлаа шийднэ, өнгөт хувьсгал гаргах боломж олгохгүй гэдгийг тодорхой харуулсан үйл явдал боллоо" хэмээн Путин мэдэгджээ.
Казахстаны эмх замбараагүй байдал үүссэн нь
Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхэлсэн юм. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан. Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцадсан юм. Жагсагчид захиргааны байр руу дайрч, прокурорын газрын байр болон эрх баригч намын байрыг шатаасан юм. Түүнчлэн үймээний үеэр дэлгүүр хоршоо, банк руу дайрч, зэвсэг барин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч гарчээ.
Эмх замбараагүй байдлын үеэр 20 гаруй хууль сахиулагч амиа алдсан бөгөөд тэдний хоёрынх нь толгойг тасдан хаясан байсныг олсон байна. Төрийн байгууллагуудыг эзэлсэн хүмүүс нь алан хядагчдын бүлэг гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрэмчид хилийн чанадад сайтар бэлтгэл хангагдаад ирсэн хэмээн цохон тэмдэглэсэн юм. Үймээний үеэр нийтдээ 164 хүн амиа алдсан гэж нэгдүгээр сарын есний өдөр Казахстаны Дотоод хэргийн яам мэдэгдсэн бөгөөд нэгдүгээр сарын 10-ны өдрийг Казахстанд гашуудлын өдөр болгон зарласан.
Одоо энэ улсад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ байгууллагад Казахстан улс гишүүн орныхоо хувиар нэгдүгээр сарын тавны өдөр дэмжлэг хүсэн хандсан. Ингээд ХАБГБ Казахстан руу энхийг сахиулагчдыг илгээж, өдгөө энхийг сахиулагчид гол объектуудыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ