Украинд дайны үеийн зөвлөмж гаргажээ

Украины Соёлын яам Киев хотын байгууллагуудад зөвлөмж бүхий брошюр тараажээ. Энэ зөвлөмжид онц байдал эсвэл дайн гарсан нөхцөлд иргэд ямар алхам хийх талаар зөвлөсөн гэж Вести мэдээлсэн байна.
Брошюрын эхний хуудсан дээр иргэдийг тайвшруулсан мэдээлэл агуулагдах бөгөөд "Украины Завсагт хүчин түрэмгийлэгчийг тогтоон барихад бэлэн" хэмээн бичсэн байна.
Харин үүний араас, онц байдал, дайн гарсан нөхцөлд байр сууцанд нь хонгил, ослын гарц байгаа эсэхийг шалгах, хамгийн ойрын хоргодох газрыг олж мэдэх, ус, хүнс нөөцлөх, эм бэлдмэл, лаа, дэнлүү, гал унтраах хэрэгслүүдийг бэлтгэж, цахилгаан эрчим хүч, хийгүй үед хоол хэрхэн бэлдэх талаараа бодолцохыг зөвлөжээ.
Түүнчлэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарвал автомашинаа үргэлж бэлэн, эвдрэл гэмтэлгүй байлгаж, түлш хангалттай хийсэн байхыг зөвлөсөн байна.
Мөн иргэдийг биедээ үргэлж бичиг баримт авч явах, цусны бүлэг болон эрүүл мэндийн байдлыг заасан бичиг авч явах, танихгүй хүмүүстэй маргалдахгүй байх, тэдэнд төлөвлөгөөгөө ярихгүй байх, зэвсэгт хүмүүс гарч ирвэл тухайн бүс нутгийг нэн даруй орхихыг зөвлөжээ. Мөн зэвсэгтэй хүмүүсийн зургийг авч, дүрс бичлэг хийхгүй байхыг зөвлөсөн байна.
Түүнчлэн буудалцаан болж байгаа үед цонх руу ойртохгүй байх, байлдааны үйл ажиллагааг харахгүй байж, хэн нэгнийг хаясан зэвсэг, хувцасыг авахгүй байхыг анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ