"Болзошгүй дайн"-д бэлдсэн өөр нэг улс Украинаас дипломатуудаа татна

Өнгөрсөн оны намраас эхлээд Барууны орнууд Оросыг Украин руу халдахаар зэхэж ,Украины хил орчимд төвлөрүүлсэн цэргийн хүчээ төвлөрүүлсэн хэмээн буруутгаж байгаа. Харин үүний хариуд ОХУ ямар ч улс орон руу дайрахгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч Украин болон Барууны орнууд "болзошгүй дайн"-д бэлдсээр байгаа юм.
Гэсэн ч байдал "түгшүүртэй" гэж үзсэн АНУ Киев дэх ЭСЯ-ныхаа зарим ажилтныг эх оронруугаа буцахыг зөвшөөрсний дээр Орос руу иргэдээ аялахгүй байхыг зөвлөсөн. Үүний араас Британи улс ЭСЯ-ынхаа зарим ажилтныг татахаар болжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Оросын цэргүүд Украин руу довтолж болзошгүй аюул занал байгаа гэж үзсэн Их Британи Украины нийслэл Киев хот дахь Элчин сайдын яамныхаа талыг эргүүлэн татахаар болсон байна. Британийн дипломатуудад учрах шууд аюул занал үгүй гэж Британийн эрх баригчид мэдэгдсэн ч дипломат албаны ажилтнуудынхаа талыг эргүүлэн татахаар шийджээ.
"Оросын талаас аюул занал нэмэгдэж байгаа үед манай ажилтнуудын хэсэг нь гэр бүлийнхээ хамт Киевээс эргүүлэн татагдахаар болсон. Их Британийн Элчин сайдын яам нээлттэй хэвээр үлдэх бөгөөд үндсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ" хэмээн Форин офисын албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Америк ч мөн ийм шалтгаанаар ажилтнуудаа татахаар болсон бөгөөд гэхдээ энэ нь " нүүлгэн шилжүүлж буй хэрэг биш" харин урьдчилан сэргийлсэн алхам гэж АНУ-ын эрх баригчид тайлбарласан юм. Орос хэдийд ч халдаж болзошгүй, гэнэт халдвал ажилтнуудаа татан авахад хүндрэл учирна гэж Төрийн департамент мэдэгдсэн. Украин дахь АНУ-ын ЭСЯ нь Европ дахь Америкийн дипломат газруудаас хамгийн том нь юм. Энд 900 ажилтан ажиллах бөгөөд гэхдээ дийлэнх олонх нь украинчууд аж.
Түүнчлэн даваа гаригт Австралийн Засгийн газар Украин дахь дипломатуудынхаа гэр бүлийг нүүлгэн шилжүүлэх захирамж гаргасан байна. Харин Австралийн иргэдийг Украин руу зорчихгүй байх, тэнд хэдийнэ очсон бол эх орондоо эргэн ирэхийг зөвлөжээ.
Украины байр суурь
Ийнхүү Барууны орнууд ээлж дараалан Украинаас ажилтнуудаа татахаар болсоныг Украины тал эртэдсэн хэрэг хэмээн үзэж байна.
Дипломатуудынхаа аюулгүй байдлыг хамгаалах гадаад орнуудын эрхийг Украины эрх баригчид хүндэлж байгаа ч АНУ-ын хийсэн алхам нь эртэдсэн, хэтийдсэн хэмээн Украины ГХЯ-ын албан ёсны төлөөлөгч Олен Николенко мэдэгджээ.
"Сүүлийн үед аюулгүй байдлын нөхцөл байдалд ноцтой өөрчлөлт гараагүй. Орос түрэмгийлэх аюул занал 2014 оноос хойш л байгаа, харин Оросын цэргүүд улсын хилийн орчим төвлөрөх болсон нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард л эхэлсэн" хэмээн Украины ГХЯ-ны албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Европын холбооны орнууд одоогоор АНУ, Британийн жишгийг дагах төлөвлөгөөгүй байна. Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын төлөөлөгч Жрзеп Боррелийн мэдэгдсэнээр, одоогоор ийм алхам хийх дорвитой үндэслэл байхгүй гэнэ.
"Хэлэлцээ хийгдэж байхад нөхцөл байдлыг дордсон мэтээр хүлээж авах шаардлагагүй гэж бодож байна" хэмээн Боррель АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен оролцсон цахим бага хурлын үеэр мэдэгджээ.
Барууны орнуудын тусгай албад Украины хил орчимд Оросын цэргүүд хэт олноор төвлөрч байгаа талаар мэдээлсээр байгаа. Харин Оросын тал Украины хил орчимд цэрэг татсан нь цэргийн сургуулилалт, ямар нэг орон руу дайрахгүй гэж мэдэгдэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ