Ням гарагт дэлхий дахины анхаарлыг татсан хамгийн том сэдэв нь сөргөлдөгч талууд болох Украин, ОХУ-ын хэлэлцээ байлаа. Оросын төлөөлөгчид Беларусийн Гомель хотод Украины талтай хэлэлцээ хийхээр ирсэн ч Украины тал Беларусьт хэлэлцээ хийхээс татгалзсан гэх мэдээлэл гарч байв.
Украин улс Беларусиас өөр газар хэлэлцээ хийхийг санал болгож байсан бөгөөд хэдэн цагийн туршид ээлжлэн мэдэгдэл хийсний дүнд тэд Гомельд биш харин Беларусийн хил дээр "урьдчилсан болзолгүйгээр" хэлэлцээ хийхээр тохиролцсон талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос, Украины төлөөлөгчдийн хийх хэлэлцээ нь "багахан боломж" өгч байгаа талаар мэдэгдсэн байна.
"Шуудхан хэлье, би энэ хэлэлцээрийн үр дүнд итгэхгүй байна. Гэхдээ тэд оролдоод үзэцгээе. Багахан ч атугай боломж байхад би Ерөнхийлөгчийн хувьд дайныг зогсоохыг оролдоогүй гэсэн эргэлзээг Украины нэг ч иргэдэд төрүүлэхгүйн тулд үүнийг хийнэ" хэмээн Зеленский мэдэгджээ.
Ийнхүү Украины тал Беларусийн хил дээр хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн нь Беларусийн Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярьснаар хүрсэн үр дүн юм.
"Александр Лукашенко Владимир Зеленскийтэй утсаар ярьсан. Украины төлөөлөгчид Украин, Беларусийн хил дээрх Припять голын нутагт урьдчилсан болзолгүйгээр Оросын талтай уулзана гэж улс төрчид тохиролцсон. Украины төлөөлөгчид хэлэлцээ хийх газар руу явах, хэлэлцээ хийх, тэндээс буцах үед Беларусийн нутаг дэвсгэр дээр байршуулсан бүх онгоц, нисдэг тэрэг, пуужингуудыг хөөргөхгүй байх үүрэг хариуцлагыг Лукашенко хүлээсэн" хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн захиргаанаас мэдээлжээ.
Украинтай хэлэлцээ хийх ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яамны ажилтнууд, Беларусь дахь Оросын Элчин сайд Борис Грызлов, Төрийн Думын олон улсын хорооны тэргүүн Леонид Слуцкий багтаж байгаа бол хэлэлцээрийн багийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахлаж байгаа аж. Харин Украины талаар хэлэлцээрт ямар хүмүүс ирэх талаарх мэдээлэл гараагүй байна.
Одоо Припять хотод шөнийн 01:40 цаг болж байна. Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 28-ны өглөө хэлэлцээ болж магадгүй талаар Украин, Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Эргэн сануулахад, Путин Зеленскийтэй хэлэлцээ хийлгэхээр ОХУ-ын төлөөлөгчдийг илгээхэд бэлэн байгаа гэсэн мэдээллийг хоёрдугаар сарын 25-нд Оросын хэвлэлүүд дамжуулсан юм. Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгчдийг Украин руу илгээхэд бэлэн гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэж байв.
Үүнээс өмнө Владимир Зеленский Путинд хэлэлцээ хийхийг санал болгосон бөгөөд " Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчид дахин хандахыг хүсэж байна. Украины бүхий л нутаг дэвсгэр даяар байлдаан болж байна. Хүмүүсийг үхэлд хүргэж байгаа энэ үйлдлийг зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард сууцгаая" хэмээн Зеленский мэдэгдэж байв.
Ням гарагт гарсан өөр нэг анхаарал татсан, түгшүүртэй мэдээлэл нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгээ байлдааны жижүүрийн онцгой горимд оруулахыг тушаасан явдал байлаа. Энэ нь барууныхны "түрэмгий мэдэгдэл"-тэй холбоотой гэж тэрбээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Ерөнхий штабын дарга Валерий Герасимов нартай Кремльд уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Оросын тогтоон барих стратегийн хүчний бүрэлдэхүүнд стратегийн довтолгооны болон батлан хамгаалах хүч багтдаг. Довтолгооны хүч нь пуужин болон тив алгасах тусгалтай агаарын комплекс, алсын тусгалтай, оновчтой зэвсгүүд, стратегийн болон алсын бөмбөгдөгчдийн зарим хэсэг, шумбагч онгоц, хөлөг онгоц, пуужин тээвэрлэх тэнгисийн нисэх хүч багтдаг юм.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Украиныг тойрсон нөхцөл байдал
02 дугаар сарын 21:
Путин Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаа, хамтын тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн