Зеленский: Путинтэй хийх хэлэлцээ амжилтгүй болвол гуравдугаар дайн дэгдэнэ

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдаж, улмаар хоёрдугаар сарын 28-ны өдөр хоёр талын хэлэлцээ эхэлсэн ч өнөө хүртэл төдийлөн үр дүнд хүрээгүй, харин байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ хугацаанд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын Ерөнхийлөгчтэй уулзахыг хэдэнтээ санал болгосон бөгөөд энэ удаад ч түүнтэй уулзахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Евроньюс агентлагийн мэдээлснээр, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахад бэлэн байгаагаа Зеленский илэрхийлээд, энэ хэлэлцээ амжилтгүй болвол дэлхийн гуравдугаар дайнаас зугтах аргагүйг онцолсон байна.
"Би түүнтэй хэлэлцэхэд бэлэн. Сүүлийн хоёр жилийн туршид л Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байлаа. Гэвч хэлэлцээ амжилтгүй болвол дэлхийн гуравдугаар дайнаас зугтах аргагүй болно" хэмээн Зеленский мэдэгджээ. Түүнчлэн Украин ямар ч тохиолдолд нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлын тал дээр буулт хийхгүй хэмээн Зеленский цохон тэмдэглэсэн байна.
Энд дуулгахад, өмнө нь Украины Ерөнхийлөгч Зеленскийн гаргасан саналын хариуд Кремль мэдэгдэл хийхдээ, хоёр талын төрийн тэргүүний уулзалт хийх боломжтой, гэхдээ үүнээс өмнө талуудын ажлын хэсэг болон сайд нар оногдсон үүргээ гүйцэтгэх ёстойг онцолж байлаа. Түүнчлэн ОХУ, Украин улс энхийн гэрээг баталсан тохиолдолд л Путин, Зеленскийн хэлэлцээ зохион байгуулагдах талаар ярих боломжтой болно гэж гуравдугаар сарын 18-ны өдөр Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдэгдэж байв.
Талуудын хэлэлцээ
Хоёр талын яриа хэлэлцээ өдөр бүр цахимаар үргэлжилж байгаа талаар талууд мэдэгдэж байгаа бөгөөд ээлжит хэлэлцээ өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-ний даваа гарагт болно гэж талууд мэдэгдсэн байна. Гуравдугаар сарын 18-ны өдөр болсон хэлэлцээний үеэр Украин, ОХУ Украины төвийг сахих статус болон энэ улс НАТО-д элсэхгүй байхтай холбоотой "байр сууриудаа ихээхэн ойртуулсан" гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдэгдсэн юм.
Харин Украины талын төлөөлөгчдийн гишүүн Михаил Подоляк мэдэгдэл хийхдээ Оросын тал хэлэлцээний талаар мэдэгдэл хийж байгаа нь хэвлэл мэдээллээр хурцадмал байдал өдөөх зорилготой хэмээн онцолж байв. Түүний өгүүлснээр гал зогсоох, цэрэг гаргах Украины аюулгүй байдлын найдвартай баталгаа өгөх гээд Украины талын байр сууриуд огт өөрчлөгдөөгүй гэнэ.
Эргэн сануулахад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн юм. Цэргийн тусламж үзүүлэхийг хүсэн Донбассын бүгд найрамдах улсууд Орост хандсан гэдгийг Путин сануулаад цэргийн ажиллагааны зорилго нь найман жилийн туршид Киевийн доромжлол, геноцидэд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал хэмээн Владимир Путин цохон тэмдэглэж байлаа. Үүнээс өмнө, хоёрдугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүнүүд Путинд хандан "Украины Зэвсэгт хүчний зүгээс ирж буй түрэмгийлэл"-д хариу өгөхөд тусламж үзүүлэхийг хүссэн захидал ирүүлсэн юм.
Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх болсон талаарх мэдэгдэлдээ " НАТО зүүн Европт цэргийн хүчээ зузаатгаж байгаатай холбоотойгоор манай улсын хувьд нөхцөл байдал улам дордож байна. Үүнийг хөндлөнгөөс зүгээр ажиглаад сууж бид чадахгүй", " Бидний төлөвлөгөөнд Украиныг эзлэн түрэмгийлэх үйлдэл багтаагүй" гэх зэргээр онцолж байв.
Ийнхүү ОХУ Украин руу довтолсноос хойш 25 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд 902 энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газар мэдээлсэн юм. Хүний эрхийн комиссарын газар гагцхүү албан ёсны байгууллагуудын баталсан баримт дээр тулгуурлан мэдээлэл хийдэг тул бодит байдал дээр үүнээс ч их хүн хохирсон байж болзошгүй. Түүнчлэн дайн эхэлснээс хойш хоёр сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ