Оросын Батлан хамгаалах яам Украинд амиа алдсан цэргүүдийн талаар мэдээлэл хийхгүй байгаа юм. Бие бүрэлдэхүүнийхээ хохирлын талаар цорын ганц удаа ам нээсэн нь гуравдугаар сарын хоёрны өдөр байв. Тухайн үед Оросын арми 498 цэргээ алдсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэж байлаа. Түүнээс хойш бие бүрэлдэхүүний хохирлын талаар огт мэдээлээгүй юм.
Харин ВВС агентлагийн Оросын редакци нээлттэй эх сурвалжууд дээр үндэслэн амиа алдсан 557 орос цэргийн нэр батлагдсан хэмээн мэдээлсэн байна.
Амиа алдсан олон зуун цэрэг
Украины талын мэдээллээр бол Оросын бие бүрэлдэхүүний хохирол 15 мянгад хүрсэн аж. Гэхдээ энэ тоондл амиа алдсан төдийгүй шархадсан хүмүүс ч багтаж байгаа хэмээн Украины УНИАН агентлаг мэдээлж байлаа.
Харин Америкийн Нью-Йорк Таймс сонин Америкийн тагнуулын албанаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Оросын талаас 7000 цэрэг амиа алдсан хэмээж байв. Энэ мэдээлэл нь Оросын цэргүүдийн гэрэл зураг, хэвлэл мэдээллийн тойм, хиймэл дагуулын гэрэл зураг зэрэг дээр үндэслэгдсэн гэх бөгөөд тиймээс ч энэ тоо бодитой тоо биш байж болзошгүй гэж ВВС мэдээлжээ.
Орост цэргүүдийн нутгийн зөвлөл, хэвлэл мэдээлэл эсвэл цэргүүд суралцаж байсан сургуулиуд амь үрэгдсэн цэргүүдийн талаар мэдээлэх нь цөөнгүй байгаа юм. Амь үрэгдсэн цэргүүдийн тухай гагцхүү ийм мэдээлэл дээр үндэслэн ВВС агентлаг амиа алдсан орос цэргүүдийн жагсаалтыг гаргасан бөгөөд энэ жагсаалтад 557 хүн багтаж байгаа аж. Энэ жагсаалтад тодорхой нэр, цолыг бичээгүй олон зуун хүн амиа алдсан талаарх хэвлэл мэдээллийн эх сурвалжийг багтаагаагүй гэнэ.
Тусгайгийнхан болон одонтой офицерүүд
Амиа алдсан гэдгийг нь Орост баталсан цэргийн алба хаагчдын дунд нэг хошууч генерал байгаа юм. Энэ нь 41 дүгээр армийн орлогч командлагч, 47 настай Андрей Суховецкий байжээ. Тэрбээр Сири дэх Оросын ажиллагаанд оролцож байсан Эр зоригийн одонгоор хоёронтоо шагнагдсан, мөн "Байлдааны гавьяаны төлөө" одон, бусад медалиар шагнагдаж байжээ.
Украины талын мэдээллээр бол Оросын дөрвөн генерал амиа алдсан гэх ч албан ёсоор нэг генерал амиа алдсан нь л батлагдаж байгааг ВВС онцолсон байна.
Оросын армийн батлагдсан хохирлын жагсаалтад Мордовын Виктор Исайкин, Башкирийн Сергей Порохня, Татарстаны Дмитрий Сафронов, Рязанск мужийн Николаев, Самар мужийн Руслан Руднев, Нижегород мужийн Александр Захаров, Костром мужийн Сергей Сухарев гэсэн долоон хурандаа багтаж байгаа аж. Түүнчлэн хуурай замын цэргийн хурандаа цолтой дүйхүйц цол болох нэгдүгээр рангийн ахмад, Хар тэнгисийн флотын орлогч командлагч Андрей Палий амь үртэгдсэн гэж Севастополийн эрх баригчид баталсан байна.
Түүнчлэн энэ жагсаалтад есөн дэд хурандаа, 20 хошууч, 70 бага тушаалын офицер багтаж байгаа аж. Мөн десантын олон арван цэрэг, тусгайгийн долоон албан хаагч, цагдаагийн тусгай отрядын алба хаагчид, Росгвардын тусгайгийн элит отрядын дайчид багтжээ.
Тэдний дунд түрүүч Евгений Дудин багтаж байгаа бөгөөд ээжийнх нь өгүүлснээр, түрүүч Евгений Киевийн ойролцоох Гостомель нисэх буудал руу довтлох үед амь үрэгдсэн гэнэ.
Ээжийнх нь өгүүлснээр, Дзержинскийн дивизид хүү нь алба хааж байгаад байлдааны хоёр дахь өдөр албаны нохойтогоо хамт тушаал гүйцэтгэж яваад амь үрэгдсэн гэнэ. Харин түүний нас барсны гэрчилгээн дээр хоёрдугаар сарын 27-ны өдөр гэж бичжээ.
Түүнчлэн Оросын арми найман цэргийн нисэгчээ алдсан байна. Энэ нь Орост асар их хохирол учруулж байгаа хэрэг бөгөөд учир нь нисэгч бүрийг бэлтгэхэд олон жил, хэдэн сая доллар зарлагадах шаардлагатай болдог аж.
"Фронтын нисэхийн нэгдүгээр зэрэглэлийн нисэгч бэлтгэхэд дунджаар 7-8 жил, түүнийг сургах зардал нь 3,4 сая доллар, мэргэн буудагч-нисэгчийг бэлтгэхэд 10-12 жил, зардал нь 7,82 сая доллар болдог" гэж Оросын Агаарын цэргийн хүчний командлагч Александр Зелин 2019 онд ярьж байв.
Хамгийн залуу нь 18 настай
Украинд амь үрэгдсэн хамгийн залуу цэрэг нь Егор Мельников байжээ. Тэрбээр 19 нас хүрэх төрсөн өдрийнхөө өмнөх өдөр амь эрсэдсэн байна. Егор дайн эхэлсэн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд амь үрэгджээ. Түүнийг эр зоригийн одонгоор нэхэн шагнуулахаар тодорхойлсон байна.
Амь үрэгдсэн цэргийн аав Эдуард Мельников Инстаграм хуудсандаа хүүгийнхээ үхлийн талаар бичихдээ "Энэ бол миний хүү Егор! Егор Эдуардович! Би түүнээр бахархаж байна! Би огт ичихгүй байна. Цэргийн үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн. Хоёрдугаар сарын 25-нд тэр 19 хүрэх байлаа. Баатрууд мандтугай!" гэсэн пост бичжээ. Одоо энэ постыг устгасан ч Оросын Регнум агентлаг скриншот хийж амжсан байна.
ВВС агентлагийн онцолсноор, Оросын армийн амиа алдсан цэргүүдийн дунд 19 настай цэрэг зургаа байгаа гэнэ. Хэдийгээр зарим орон нутгийн эрх баригчид нутгаас нь цэрэгт явсан эрчүүдийн үхлийн талаар мэдээлж байгаа ч Оросын хэвлэлүүдээр энэ талаарх мэдээлэл төдийлөн гарахгүй байгаагийн дээр амь үрэгдсэн цэргүүдийн талаар мэдээлэхгүй байхыг эрх баригчдаас үүрэг болгож байгаа гэж Сибирийн нэгэн сэтгүүлч олон нийтийн сүлжээндээ бичжээ.
Г.Бямбасүрэн