ВВС: Оросын цэргүүдийг цэргийн гэмт хэрэгт буруутгаж, ОХУ үгүйсгэв

Оросын цэргүүдийн хяналтад сар орчмын хугацаанд байсан Киевийн ойролцоох суурин газруудыг Украины арми чөлөөлсний дараа Оросын цэргүүдийн үйлдсэн цэргийн гэмт хэргийн аймшигт зураглал дэлхий нийтэд ил боллоо хэмээн ВВС агентлаг мэдээлжээ. Эдгээр нутаг дэвсгэр дээр олон тооны аллага, хүчирхийлэл, бусад төрлийн хүнд гэмт хэрэг үйлдсэн баримтыг хүний эрхийн байгууллагууд цуглуулсан байна. Эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгах ажилд Киевд тусална гэж Британийн Гадаад хэргийн яам амалжээ.
ВВС агентлагийн дамжуулснаар, олон улсын хүмүүнлэгийн эрхзүйг ноцтой зөрчсөн талаар Эмнести Интернешнл байгууллага бямба гарагт мэдээлжээ. Байлдааны явцад Оросын цэргүүд олон оронд хориглодог зэвсэг ашиглаж, орон сууцнууд руу ихээр буудаж, ингэснээр иргэний дэд бүтцийн объектууд сүйдсэн гэдгийг нотлох баримтуудыг энэ байгууллагын ажилтнууд олж авсан байна.
Улмаар Оросын цэргүүдийн эдгээр үйлдлийн улмаас энгийн иргэд олноор амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ.
“Байж боломгүй харгислал”
Олон улсын эрхзүйн үүднээс дайны цагт зэвсэггүй энгийн иргэдийг хөнөөх нь цэргийн гэмт хэрэгт тооцогддог.
“Оросын арми Украины хотуудыг бүсэлсэн байх үедээ тасралтгүйгээр буудаж, улмаар хот бүрэн сүйдсэн. Таван долоо хоногийн туршид Украины хотын оршин суугчид тэдний хотыг газрын хөрснөөс арчиж байгааг харахаас өөр аргагүй болсон. Бидний шалгалтаар хүн амын хамгийн эмзэг хэсгүүд Оросын балмад тактикаас болж хохирсон гэдэг нь тогтоогдсон юм” хэмээн Эмнести интернешнл байгууллагын хямралын хөтөлбөрийн захирал Жоан Маринер мэдэгджээ.
Түүнчлэн энэ байгууллага Оросын цэргүүд Украины хүн амын эсрэг байж боломгүй, зориудын харгислал үйлдсэн гэж үзэж байгаа аж. Улмаар аллага, хүчирхийлэлд буруутай цэргүүдээ шийтгэж, тэд цэргийн гэмт хэргийн төлөө биечлэн хариуцлага хүлээнэ гэдгээ армийн командлал ухамсарлах ёстой гэж Эмнести интернешнл мэдэгджээ.
Буча дахь аллага
Оросын арми Беларусийн хил рүү ухарснаас хойш Украины цэргүүд Буча хотыг эзлэсэн байна. Энэ үйл явдлын дараа олон нийтийн сүлжээгээр Буча хотын гудамжинд олон цогцос хэвтэж байгааг харуулсан гэрэл зураг, дүрс бичлэг цацагдах болсон юм.
Бямба гарагт энэ хотод Ройтерс, ВВС, AFP зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн сурвалжлагчид очжээ. Тэд мэдээлэлдээ энэ хотын гудамжинд олон тооны цогцос байгааг баталсан байна.
Ройтерсын мэдээлснээр, гудамжинд байх цогцосууд нь энгийн хувцастай, энгийн оршин суугчид байсан гэх бөгөөд зарим цогцосыг танилууд нь харж таньжээ. Амиа алдсан эдгээр хүмүүсийн зарим нь суманд өртөж, эсвэл минад оногдож амиа алдсан нь илт байх бол гарыг нь хүлсэн цогцос ч байсан гэнэ. Ийм хүмүүсийг Оросын цэргүүд буудсан байх гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк мэдэгджээ.
Харин эдгээр мэдээллийг Оросын тал үгүйсгэж байгаа юм. ОХУ-ын албаны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, Оросын цэргүүд хотоос гарснаас хойш дөрөв хоногийн дараа ийм мэдээлэл гарсан гэнэ.
Тодруулбал, Оросын цэргүүд гуравдугаар сарын 30-ны өдөр цэргүүд нь гарсан гэж Оросын тал ням гарагт мэдэгдсэн юм. Харин дөрөвдүгээр сарын нэгний өдөр, Оросын Батлан хамгаалах яамны “Звезда” телевиз тэнгисийн явган цэргийн нэгтгэлийн командлагч Алексей Шабулинаас иш татан Гостомель-Буча-Озера чиглэлд “Оросын тэнгисийн явган цэргүүд суурин газруудад цэвэрлэгээ хийж байна” хэмээн мэдээлж байжээ. Мөн Оросын бусад хэвлэлүүд ч ийм мэдээлэл дамжуулж байсан аж.
ВВС агентлагийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын нэгний өдөр Буча хотод энгийн иргэдийн 20 орчим цогцос байсан гэдгийг сурвалжлагчид нь нүдээр харсан гэнэ.
Олон улсын хариу
Олон нийтийн сүлжээгээр #BuchaMassacre хэштегтэй мэдээлэл, гэрэл зураг, дүрс бичлэг цацагдсаар байгаа юм. Харгислалыг гэрчлэх эдгээр мэдээлэлтэй холбоотойгоор дэлхийн удирдагчид ч байр сууриа илэрхийлжээ.
Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украины Буча болон Ирпень хотуудад болсон үйл явдлыг “энгийн иргэд рүү халдсан аймшигт халдлага” хэмээн нэрлээд Москвагийн эсрэг тавьсан хоригоо чангатгаж, Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.
“Путиний цэргийн машиныг өлсгөлөнд нэрвэгдүүлж туйлдуулахын тулд би өөрөө чадлынхаа хэрээр бүхнийг хийнэ. Бид хориг арга хэмжээгээ чангатгаж, цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлэн, шаардлагатай хэсгүүдэд тусламж үзүүлнэ” хэмээн Борис Жонсон мэдэгджээ.
Энэхүү үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкен ч мэдэгдэл хийсэн байна.
“Бид үүнийг хайхрахгүй өнгөрч болохгүй. Орос улс Украины эсрэг түрэмгийллээ үргэлжлүүлж байгаа үед ийм явдал өдөр бүр болно гэдэг нь бодит явдал юм” хэмээн Блинкен мэдэгджээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ч мөн Бучи хоттой холбоотой үйл явдалд байр сууриа илэрхийлж, Оросоын эрх баригчид Украинд үйлдсэн гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн бол Германы канцлер Олаф Шольц Оросын цэргүүд ХБуча хотод үйлдсэн хууль бус үйлдлийг шалгахыг дэлхий нийтэд хандан уриалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ