Оросын цэргүүд энгийн иргэдийг хөнөөж байгаа нь камерт бичигджээ

Оросын цэргүүд Украины Киев орчимд энгийн иргэдийг хөнөөж байгаа бичлэгийг ВВС агентлагийнхан олж авсан бөгөөд энэ бичлэг Украины Прокурорын газарт байгаа, цэргийн гэмт хэргийн тухай хэрэгт нотлох баримт болно гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украины нийслэл Киев орчимд байлдаан ид өрнөж байх үед энэ хэрэг болсон байна. Нийслэл рүү хөтлөх гол зам, тэр дундаа дугуйны дэлгүүр орчим газар тулааны талбар болсон байсан бөгөөд энэ хэсэгт зэвсэглэсэн Орос цэргүүд зэвсэггүй хоёр энгийн иргэн рүү буудаж, дараа нь дэлгүүр дээрэмдэж байгаа нь ажиглалтын камерт бичигдсэн байна.
ВВС агентлаг ажиглалтын олон камераас авсан бичлэгүүдийг цуглуулан, үйл явдал хэрхэн өрнөснийг тогтоожээ. Энэ бичлэг дээр Оросын цэргүүдэд буудуулсан хүн нь дугуйны дэлгүүрт хамгаалагчаар ажилладаг Леонид Пляц гэх бөгөөд хэрэг болсон өдөр Леонид утсаар холбогдсон хүмүүс болон түүнийг аврах гэж оролдсон Украины сайн дурын дайчидтай ВВС агентлагийн сэтгүүлчид уулзсан байна.
Хэрэг болсон өдөр Оросын цэргүүд V тэмдэг, "Танковый спецназ Rus" гэсэн бичиг бүхий фургоноор дэлгүүрт иржээ. Тэд Оросын дүрэмт хувцастай байсан, автомат буугаа өргөж, хуруугаа гохон дээр байрлуулсан байдалтайгаар дэлгүүрийн хаалган дээр ирсэн байна. Энэ үеэр Леонид цэргүүд рүү ойртохдоо гараа өргөж, зэвсэггүй, ямар ч аюулгүй хүн гэдгээ илэрхийлжээ.
Бичлэг дээр дүрслэгдсэнээр, Оросын цэргүүд Леонид болон түүний даргатай хашааны наана цаанаас ярилцах аж. Бичлэг дуугүй байсан ч цэргүүд тайван байгаа нь харагдаж байсан, тэд тамхи татаж байсан гэнэ. Дараа нь украинчууд эргээд явахад цэргүүд ч явж эхэлжээ. Гэтэл гэнэт л хоёр орос эргэж алхан, доош суун, хоёр украин эрийн ар нуруунаас хэдэнтээ бууджээ.
Буудуулсны улмаас дэлгүүрийн дарга тэр дороо амиа алдсан бол Леонид хүнд шархадсан ч хөл дээрээ босон, цус алдаж байгааг зогсоохын тулд бүсээр хөлөө боох гэж оролдох аж. Энэ үеэр мөн л энэ дэлгүүрийн хамгаалагчаар ажилладаг Василий Подлевский шархадсан Леонидтэй утсаар ярьжээ. Орос цэргүүд энгийн иргэдийг хөнөөхгүй гэж итгүүлээд, дараа нь ар нуруунаас нь буудсан гэж Леонид түүнд ярьсан байна.
Ажиглалтын камерын дүрс бичлэгт бичигдсэнээр Леонид Пляц цус алдан хэвтэж байх зуур Оросын цэргүүд дэлгүүрийг тонож байжээ. Тэд цоож руу буудан, унадаг дугуй, скүтер авч, дэлгүүрийн даргын өрөөнд орж, виски уун, шүүгээг нь ухаж байгаа нь камерт бичигдсэн байна.
Оросын цэргүүд ажиглалтын камер байгааг огт анзаараагүй хэсэг болсны эцэст камер байгааг мэдэж, улмаар нэг камерыг хагалжээ.
ВВС агентлаг эдгээр дүрс бичлэгийг Киев мужийн цагдаагийн газрын даргад үзүүлсэн бөгөөд цагдаагийн дарга "Киев рүү хөтлөх энэ зам орчимд Оросын цэргүүд ухарснаас хойш, гуравдугаар сарын сүүлээр энгийн иргэний 37 цогцос олдсон, бүгдийг буудсан байсан" хэмээн өгүүлжээ.
Украины Прокурорын газар Леонид Пляц болон түүний даргыг хөнөөсөн хэргийг цэргийн гэмт хэрэг гэж үзэн шалгаж байгаа гэнэ. Дайны үеэр гарсан 10 мянга гаруй тохиолдлын нэг нь Леонидийг хөнөөсөн хэрэг хэмээн Прокурорын газар мэдэгджээ.
Оросын цэргүүдийн гарт амиа алдсан Леонид 65 настай, тэтгэврийн хүн байсан гэж охин Юлия нь ВВС агентлагийнханд ярьсан байна. Юлия хилийн чанадад амьдарч байгаа, Украинд дайн болж байгаа тул аавыгаа оршуулахаар нутагтаа очиж чадахгүй байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ