Хойд Солонгос коронавирусийн халдвартай тэмцэхийн тулд армиа дайчилжээ

Цар тахал эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд "нэг ч халдвар бүртгэгдээгүй" хэмээн мэдэгдэж байсан БНАСАУ-ын эрх баригчид дотоодод нь халдвар илэрсэн талаар анх удаа өнгөрсөн долоо хоногт л албан ёсоор зарласан юм.
Улмаар нөхцөл байдал хүндэрсний улмаас Хойд Солонгост эмийн сангуудад эм бэлдмэл нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүднээс Ким Жон Ун цэргүүдийг дайчлах тушаал гаргасан байна. Энэ талаар Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлагаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
Эргэн сануулахад, тавдугаар сарын 12-ны өдөр Хойд Солонгосын эрх баригчид мэдэгдэл хийхдээ, тавдугаар сарын наймны өдөр авсан шинжилгээгээр омикрон хувилбарын халдварууд илэрсэн хэмээж байв. Үүнээс нэг хоногийн дараа, Хойд Солонгост 18 мянган хүн халдвар авч, халдварын улмаас зургаан хүн нас барсан хэмээн БНАСАУ-ын төв хэвлэл мэдээлсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ