Өмнөд Солонгос цар тахалтай тэмцэхэд нь БНАСАУ-д туслахад бэлэн

БНАСАУ-д дэгдсэн коронавирусийн тахалтай тэмцэхэд нь Өмнөд Солонгос бүх талаар туслахад бэлэн, вакцин нийлүүлэх боломжтой гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ель мэдэгдсэнийг Ёнхап агентлаг мэдээлжээ. Энэ агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгост дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд одоо өвчтөний тоо 1,2 саяыг давсан гэнэ.
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ БНСУ "аливаа улс төрийн эсвэл цэргийн санаархалгүйгээр ямар ч цаг үед хүмүүнлэгийн тусламж олгоход бэлэн" хэмээн цохон тэмдэглэсэн байна. "Коронавирусийн аюулд өртөж байгаа Хойд Солонгосын ард түмэнд шаардлагатай дэмжлэг үзүүлэхдээ хойш сууж болохгүй" хэмээн Юн Сок Ель мэдэгджээ.
Эргэн сануулахад, БНАСАУ-ын эрх баригчид коронавирусийн халдвар бүртгэгдсэн талаар энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор зарласан юм. Энэ халдварыг "үл мэдэгдэх чичрэг" өвчин хэмээн нэрлэж байгаа бөгөөд тавдугаар сарын 15-ны ням гарагт гэхэд л 392 мянган халдварын тохиолдол илэрсэн байна. Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, энэ улсад нийтдээ 1,2 сая хүн "үл мэдэгдэх чичрэг өвчин"-өөр өвдсөнөөс 648 мянга нь эдгэрч, 564 мянга нь эмчлүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ