АНУ-ын Конгрессын гишүүдэд үл мэдэгдэх нисдэг биетийн бичлэг үзүүлжээ
2022-05-18

Тавдугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Конгрессын танхимд үл танигдах нисдэг биет буюу харийнхны талаарх нээлттэй сонсгол зохион байгуулжээ. Энэ нь сүүлийн 50 жилийн туршид анх удаа зохион байгуулагдаж байгаа харь гаригийнхны тухай сонсгол байсан талаар Коммерсант мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Пентагоны төлөөлөгчид харь гаригийн амьдралтай холбоотой ямар нэг зүйл илрүүлвэл нуун дарагдуулахгүй гэж Конгрессын гишүүдэд өгүүлсэн гэнэ. Сонсголын үеэр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тагнуулын орлогч захирал Скотт Брэй хоёр дүрс бичлэг үзүүлжээ. 

 

Нэг дүрс бичлэг дээр "гэрэл цацруулсан, гурвалжинтай төстэй зүйл" байсан гэнэ. Энэ дүрс бичлэгийг хийх үеэр арилжааны зорилуалттай дронууд тухайн бүс нутагт ажиглагдсан гэдэг нь тогтоогдсон байна. "Бүх зүйлийн учир шалтгааныг тогтоож болно гэж би хэлэхгүй. Гэхдээ харж байгаагийнхаа учрыг олохын тулд хангалттай хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдгийн тод жишээ нь энэ байна" хэмээн Скотт Брэй мэдэгджээ. 

 

Түүнчлэн АНУ-ын цэргийн техник үл мэдэгдэх нисдэг биеттэй мөргөлдсөн байж болзошгүй 11 тохиолдлын талаар Пентагоны төлөөлөгчид Конгрессын гишүүдэд дуулгасан байна.

 

Тэнгисийн цэргийн хүчний тагнуулын орлогч захирлын мэдэгдсэнээр, эдгээр тохиолдлуудад мөргөлдөх аюул тулгарч байгааг сануулах ямар ч дохиог цэргийн техникүүд ирүүлээгүй байна. Мөн эдгээр тохиолдлуудын ихэнхэд Америкийн цэргүүд нисдэг биеттэй төстэй зүйл ажигласан байна.

 

Энд дуулгахад, АНУ-ын Батлан хамгаалах яаманд үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой үзэгдэл судлах тусгай зорилтот бүлэг ажилладаг. Энэ бүлгийн өнгөрсөн жилийн тайланд өгүүлснээр, сүүлийн 17 жилийн дотор "үл мэдэгдэх үзэгдэл" 114 удаа бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин