Ричард Дирлав: Путинийг 2023 онд зайлуулна

Путин хүнд өвчний улмаас эрх мэдлээ шилжүүлэн өгөх гэж байгаа гэх мэдээлэл барууны хэвлэлүүдээр хэдэнтээ гарч байсан. Энэ удаад Путинийг ирэх онд "зайлуулна" гэсэн мэдээлэл тархжээ.
Тодруулбал, 2022 оны сүүл гэхэд Владимир Путинийг Оросын удирдлагаас зайлуулна, төрийн эрх шилжүүлэх явцыг хүч хэрэглэсэн эргэлт ашиглалгүйгээр хэрэгжүүлнэ гэж Британийн МИ-6 нууц тагнуулын албаны дарга асан Ричард Дирлав өгүүлснийг Mail Online дамжуулжээ.
Дирлавын таамаглаж байгаагаар, Путинийг эдгэрэшгүй өвчинтэй хүмүүсийн сувилал руу илгээх гэнэ. Путин хүндээр өвдсөн гэсэн яриа гарч буй үед энэхүү хувилбарыг хэрэгжүүлнэ гэж тагнуулч асан үзэж байгаа аж. Ингэснээр ОХУ-ын улс төрийн элитүүд хүч хэрэглэсэн эргэлт хийлгүйгээр "зогсонги цэгээс урагшилна" гэж Дирлав үзэж байгаагаа илэрхийлжээ.
Одоо Оросын томоохон албан тушаалтнууд ОХУ-ын Ерөнхийлөгчийг удирдлагаас холдуулах төрөл бүрийн хувилбаруудыг боловсруулж байгаа гэж Дирлав өгүүлсэн байна.
"2023 он гэхэд түүнийг сувилал руу зайлуулах байх. Тэндээс тэр Оросын тэргүүний хувиар эргэн гарч ирэхгүй. Энэ бол эргэлт хийлгүйгээр урагшлах арга" хэмээн Дирлав өгүүлсэн бөгөөд Путинийг сувилалаас гарах хэдий ч дахин Ерөнхийлөгч болохгүй хэмээн тайлбарласан байна.
Дөрөвдүгээр сард хэвлэлүүдээр Путинийг хорт хавдар өвчин туссан, эмчийн хяналтан дор байдаг гэсэн мэдээлэл гарч байлаа. Үүний араас Путин "мэс засалд орох шаардлагатай тул Патрушевт эрх мэдлээ шилжүүлнэ" гэсэн мэдээлэл ч гарч байв.
Дирлав ч мөн ийм таамгийг дэвшүүлсэн бөгөөд Путинийг залгамжлах хүн нь Николай Патрушев байж магадгүй хэмээн тэрбээр эх сурвалжид ярьсан байна. Гэхдээ Оросын удирдлагын дотор одоогоор эрх шилжүүлэх төлөвлөгөө гаргаагүй байгаа гэнэ.
Энд дуулгахад, Николай Патрушев нь өдгөө 70 настай, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга юм. Түүнийг Украин дахь Оросын армийн стратегийн ард чухамхүү түүнийг зогсдог гэж барууны хэвлэлүүд мэдээлж байсан. Түүнчлэн гагцхүү Патрушев л Украин неонацистуудаар дүүрсэн гэж итгүүлж, ятгасан гэж The Sun мэдээлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ