Украины Запорож муж ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах хүсэлтээ илэрхийлсэн гэв

ОХУ Украин руу "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор халдаж эхэлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Оросын арми Украины олон нутагт хяналтаа тогтоох зорилготой байгаа бөгөөд хяналтаа хэсэгчлэн тогтоосон Херсон мужид орос хэлийг төрийн хэлний статустай болгохоор төлөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
ОХУ Украины мужид орос хэлийг төрийн хэл болгох гэж байна
Ийнхүү Оросын хяналтыг тогтоохоор орос хэлийг төрийн статустай болгохоын дээр хил орчмын бүс нутгуудыг бүрэлдэхүүндээ багтаахаар зорьж байгааг илтгэсэн үйл явдлууд ар араасаа гарч байна. Энэ удаад, Украины Запорож муж ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, РИА Новости агентлагийн мэдээлснээр, Украины Запорож мужийг "Украины нацистуудаас бүрэн чөлөөлсний дараа мужийг Оросын бүрэлдэхүүнд оруулах ажлыг эхлүүлнэ" гэж тус мужийн захиргааны төлөөлөгч Владимир Рогов мэдэгдсэн байна.
"Запорож мужийн ирээдүй цор ганц. Энэ муж Оросын бүрэлдэхүүнд багтаж, Оросын Холбооны Улсын субъект болох ёстой. Бидэнд саарал бүс хэрэггүй, Запорожийн бүгд найрамдах ард улс хэрэггүй" хэмээн Владимир Рогов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Үүнээс өмнө, Херсон мужийн цэрэг-иргэний захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов энэ мужийг Оросын мужуудын нэг болгохоор ажиллана гэж мэдэгдэж байлаа. Тэрбээр, Оросын газар нутаг түүхэн бүрэлдэхүүндээ эргэн орох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ