Зеленский: Украин нутгаа Орост өгөхгүй

Давост болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер ОХУ-тай энхийн гэрээ байгуулахын тулд нутаг дэвсгэрийнхээ хэсгийг өгөхийг Украинд санал болгожээ. Түүний энэ мэдэгдэлд Украины тал хатуухан хариу өгсөн талаар ВВС мэдээлсэн байна.
Кремлийг сөрөн зогсох тал дээр холбоотон болж байгаа улс орнууд Украиныг нутаг дэвсгэрийнхээ хэсгийг Орост өгөх санал гарж байгаад Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Алексей Арестович ихээхэн эгдүүцэж, энэ төрлийн санал гаргасан улс төрчдийг "тэнэг хүмүүс", "чөтгөр рүүгээ тонилог" гэх зэрэг хараалын үгс ашиглан мэдэгдэл хийжээ.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Арестовичийн мэдэгдлээс харьцангуй "зөөлөн" мэдэгдэл хийж, "Украин хэзээ ч нутгаа өгөхгүй" хэмээн онцолжээ.
"Оросын төр засаг юу ч хийсэн байлаа гэсэн түүний ашиг сонирхлыг бодолцоё гэх хүн байнга л гарч байдаг. Энэ жил Давос дээр ийм байдал дахин гарлаа. Украин руу Оросын мянга мянган пуужин харвасан байхад, олон мянган украин хүн амиа алдчихсан, хот сүйрч, Орос хүчирхийлэл, аллага үйлдсээр байхад л ийм мэдэгдэл гарсан.Энэ бүхнийг Орос Европт үйлдсэн. Гэтэл Давос дээр ноён Киссинжер зэргийн хүмүүс Украины хэсгийг Орост өгөх ёстой гэх мэтээр ярьж байна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Зеленский өмнө нь ч энэ талаар удаа дараа мэдэгдэл хийж, "олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн шугамаар нутгаа авч үлдэнэ" гэсэн хатуу байр суурин дээр байгаагаа илэрхийлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ