Блинкен: Путин дэлхий дахиныг хүнсний хямралаар сүрдүүлж байна

Орос улс дэлхий дахиныг хүнсний хямралаар сүрдүүлэхийн тулд Украины үр тарианы экспортыг хаан боогдуулж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.
"Дэлхий дахин бууж өгч, авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүдээ цуцална гэж Путин найдаж байгаа тул хүнс нийлүүлэлтийг боогдуулж, хариуцлагаас зайлсхийж, бодит байдлыг мушгин гуйвуулахын тулд суртал ухуулгын машинаа ашиглаж байна. Өөрөөр хэлбэл энэ бол сүрдүүлэг хэмээн Блинкен Вашингтонд болсон дугуй ширээний уулзалтын үеэр мэдэгджээ.
Түүнчлэн ОХУ өөрсдөө үр тариаг зарж, ашиг хүртэхийн тулд Украины экспортын үр тариаг хулгайлж байна хэмээн Блинкен мэдэгдсэн байна. Ингэснээрээ ОХУ олон орон, тэр дундаа Африкийн орнуудад ч өлсгөлөн нүүрлэх нөхцөл байдлыг бий болгож байна хэмээн Блинкен онцолжээ.
Энд дуулгахад, дэлхийн үр тариан нийлүүлэлтийн 10 гаруй хувийг хангадаг Украин улсын тээвэрлэлтийн гол боомтууд дайны улмаас хаагдсан тул энэ улс үр тариагаа экспортод гаргаж чадахгүй байгаа юм. Улмаар дэлхийн зах зээлд Украины үр тариа дутагдсанаар энэ төрлийн бараа хомстож, үнэ нь нэмэгдсэнээр дэлхийн олон оронд өлсгөлөн нүүрлэх бодит аюулыг бий болгож байна гэж НҮБ удаа дараа анхааруулж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ