Сергей Лавров: Барууныхан юу гэж бодох нь надад огт хамаагүй

Энэ өдрүүдэд ОХУ-д Петербургийн эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна. Форумын үеэр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ВВС агентлагийн сэтгүүлч Стив Розенбергт ярилцлага өгчээ. Энэ ярилцлагын товчлолыг ВВС агентлаг нийтлэсэнийг хүргэж байна.
"Бид Украин руу халдаагүй"
ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу халдсан. Дэлхийн улс орнууд энэ үйл явдлыг "халдлага", "түрэмгийлэл", “дайн” хэмээн нэрлэж байгаа бол ОХУ үүнийг “тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн хэвээр байгаа юм. Лавров энэ удаагийн ярилцлагаараа ч мөн ОХУ Украин руу халдаагүй хэмээжээ.
“Бид Украин руу халдаагүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Украиныг НАТО-руу татаж, гэмт үйлдэл хийж байгаа гэдгийг нь Барууныханд тайлбарлах өөр ямар ч арга үлдээгүй тул бид тусгай цэргийн ажиллагаа зарласан” хэмээн Лавров мэдэгджээ.
Украин руу хоёрдугаар сарын 24-ний өдөр зэвсэгт халдлага үйлдэх болсон шалтгаанаа Владимир Путин тайлбарлахдаа Лавровтай ижил мэдэгдлийг нэг бус удаа хийж байсан. Тухайлбал, тавдугаар сарын есний Улаан талбай дээр үг хэлэхдээ ийм байр суурь илэрхийлж байв.
“Бид өөрсдийгөө байгаагаар нь харуулж байгаадаа ичихгүй”
ВВС агентлагийн сэтгүүлч Лавровтай ярилцах үеэрээ НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелетийн үгийг иш татсан байна. Бачелет тавдугаар сард мэдэгдэл хийхдээ Черниговск мужийн Ягодное сууринд Оросын цэргүүд 28 өдрийн туршид 360 хүнийг барьцаалсан, тэр дунд 74 хүүхэд, таван хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан, тэднийг бие засах газаргүй газарт усгүй байлгасны улмаас 10 хүн нас барсан гэж онцолж байв.
“Харамсалтай нь, Хүний эрхийн дээд комиссар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын бусад төлөөлөгчид зэрэг олон улсын албан тушаалтнууд Барууны дарамтад орсон байдаг, маш харамсалтай. Ингээд тэд Барууныхны тараадаг хуурамч мэдээг давтан олонд хүргэдэг” хэмээн Лавров мэдэгджээ.
“Тэгэхээр Орос улс дахиад л өөгүй болчихов уу?” хэмээн сэтгүүлч асуухад Лавров дараах хариултыг өгчээ.
“Үгүй ээ, Орос улс өө сэвгүй биш. Орос бол байгаагаараа л ийм. Бид өөрсдийгөө байгаагаараа харуулахаас ичихгүй”
“Барууныхан юу гэж үзэх нь надад хамаагүй ”
Зургадугаар сарын есний өдөр өөрсдийгөө тунхагласан Донецкийн бүгд найрамдах улсад Британийн иргэн Шон Пиннер, Эйден Аслин болон Мароккогийн иргэн Саадун Брагимыг хөлсний цэргийн үүрэг гүйцэтгэсэн, эрх мэдлийг хүчээр булаан авахыг оролдсон, алан хядах үйл ажиллагаа явуулахаар сургалтад хамрагдсан хэрэгт буруутай гэж үзэн цаазын ял оноосон юм. Энэ гурван хүн гурвуулаа Оросын түрэмгийллээс ч өмнө гэрээ байгуулан Украины Зэвсэгт хүчинд элссэн цэргийн алба хаагчид байжээ.
Эдгээр хүмүүсийн талаар сэтгүүлч асууж, “Барууныхан энэ хүмүүсийн хувь тавилангийн төлөө Орос хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа” хэмээхэд Лавров асуултыг нь гүйцэт сонсолгүй дараах хариултыг өгсөн байна.
“Үгүй ээ. Барууныхан юу гэж бодох нь надад огт хамаагүй. Гагцхүү олон улсын эрхзүй л надад хамаатай. Олон улсын эрхзүйгээр бол хөлсний цэргүүд аль нэг орны зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтан байлдааны ажиллагаанд оролцох хүмүүст тооцогддоггүй. Тиймээс, илэн далангуй хэлэхэд, та нарын юу гэж бодох нь ямар ч хамаагүй” .
Донецкод цаазын ял сонссон цэргүүдийг хөлснийхөн биш харин Украины зэвсэгт хүчинд алба хааж байсан гэж сэтгүүлч тодотгоход Лавров “Үүнийг шүүх тогтооно” хэмээн хариулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ