N1: Хямд сэлбэг, засвартай Монгол буриадуудад шинэ боломж бий болгож байна

Гуравдугаар сараас эхлэн рублийн ханш чангарсан тул Монголоос бараа бүтээгдэхүүн импортлоход ашигтай болсон талаар Буриадын “Номер один” сонины нийтлэлд өгүүлжээ. Энэ нийтлэлд Монголд автомашины сэлбэг, засвар хямд тул буриадууд олноороо Монголыг зорих болсон талаар өгүүлсэн байна.
Тэнгэрт хадсан үнэ
“Номер один” сонины нийтлэлд бичсэнээр, Буриадад сүүлийн жилүүдэд огт тохиож байгаагүй хэмжээнд инфляци нэмэгдэж, гуравдугаар сард машины сэлбэг хэрэгслийн үнэ хоёроос гурав дахин өссөн байна. Сэлбэгийн үнийн огцом өсөлтийг нийлүүлэлт тасалдсантай холбон тайлбарлаж байсан бөгөөд харин зургадугаар сар гарснаас хойш байдал бага зэрэг өөрчлөгдөж, зарим дэлгүүрүүд сэлбэгэндээ 15 хүртэлх хувийг хямдралыг зарлажээ. Гэсэн ч худалдан авалт урьдын адил өсөхгүй байгаа талаар худалдаа эрхлэгчид ярьсан байна.
Нийтлэлд онцолсноор, Буриадад машины сэлбэг үнэтэй байгаа тул Буриадын жолооч нар Монголыг олноор зорих болсон бөгөөд Монголд Япон, Европ, Америк зэрэг Буриадад тэр бүр байдаггүй сэлбэг хэрэгсэл хямд үнэтэй зарагддаг нь ихээхэн боломж олгож байгаа аж.
“Өнгөрсөн жил хос хөдөлгүүртэй Honda Freed машин шинээр нь авсан. Гэтэл аккумлятор батарей нь нэг их удалгүй муудсан. Эрхүүд энэ батарейг 250 мянган рублиэр сольж өгч байсан юм. Харин тавдугаар сард Улаанбаатарт мөн л ийм шинэ батарейг 100 мянга орчим рублиэр сольдог гэдгийг мэдэж авсан” хэмээн Улаан-Үдийн оршин суугч Виктор ярьжээ.
Монгол руу сэлбэг хэрэгсэл нийлүүлэхэд логистикийн хүндрэл бага байдаг, мөн ажиллах хүчний өртөг Оростой харьцуулвал бага байдаг нь машин, машины сэлбэгний үнэ хямд байдагт нөлөөлдөг гэж эдийн засагч Анатолий Думнов үзэж байгаа аж.
Ашигтай наймаа
“Тоёота Ланд Круйзер машины хөдөлгүүрийн цилиндрийн блокийн хоёр толгойг Владивостокт захихад 85 мянган рубль болж байна гэж байсан. Тэгээд би Монголд байдаг танил руугаа утасдаад сэлбэг захисан юм. Монголоос ердөө 7000 рублиэр авсан. Үнийн зөрүү арав дахин бага” хэмээн Буриадын оршин суугч Евгений “Номер один” сонины сэтгүүлчид ярьсан байна.
Улаанбаатарт Тоёота Приус машины засвар маш хямд тусдаг, энэ хотод олон мянган Приус байх бөгөөд тиймээс энэ машины сэлбэг бусад газраас ч хямд байдаг гэж нийтлэлд өгүүлжээ.
Түүнчлэн Улаанбаатараас Улаан-Үд рүү машины сэлбэгийг тодорхой төлбөртэйгээр захиалан авчирж өгөх үйлчилгээ санал болгодог хүмүүс ч байдаг болсон гэнэ. Тэд ихэвчлэн овор хэмжээ багатай сэлбэгийг Улаанбаатараас авчирж өгдөг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ