Токаевт гомдсон Путин Казахстанд худалдааны дайн зарлав

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Украины талаарх байр сууриа Владимир Путиний өөдөөс эгцлэн харж байгаад хэлсний дараа Орос улс Казахстаны газрын тосны ачилтыг зогсоож, улмаар Казахстан Оросын нүүрстэй вагонуудыг зогсоосон талаарх мэдээлэл тархав.
ОХУ Европ руу гарах Казахстаны газрын тосны замыг хаав
Орос улс Казахстаны газрын тосны экспортыг хязгаарлаж байгаа талаарх мэдээлэл ням гарагт гарсан юм. Ийнхүү зогсоосон шалтгаан нь Дэлхийн II дайны үеийн мина эсвэл торпед байж болзошгүй 50 зүйл илэрсэн гэж Оросын тал тайлбарлаж байв.
Олдсон зүйлийг шалгахын тулд боомтын нэг хэсгийг хаасан юм. Минийг аюулгүй болгох ажлыг зургадугаар сарын 20-нд эхэлнэ гэж зарласан бөгөөд энэ сар дуустал үргэлжилж болзошгүй гэж хэвлэлийнхэн мэдээлжээ.
Албан ёсоор ийм тайлбар хийсэн ч Казахстаны Ерөнхийлөгч Кремль огтоос таамаглаж байгаагүй гэнэтийн мэдэгдэл хийсэнтэй холбоотой гэж хэвлэлийнхэн таамаглаж байгаа юм.
Газрын тосны транзитыг зогсоосны хариуд Казахстан Оросын нүүрсийг өөрийн нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрөхийг бүрэн хориглосон. Улмаар Хойд Кавказын төмөр зам дээр Оросын нүүрсийг ачсан 1,7 мянган вагон гацсан гэж Корреспондент.нет мэдээлжээ.
Үүнийг Казахстаны тал тайлбарлахдаа, ачааг түр зогсоосон, энэ нь экспортод нөлөөлөхгүй хэмээн онцолсон байна.
Албан тайлбар болон бодит байдал зөрүүтэй ийм үйл явдал өрнөж байх үед, зургадугаар сарын 21-ний өдөр ЕХ Казахстаны хамтын ажиллагааны зөвлөлийн хурлын дүнгээр Брюссель мэдэгдэл гаргасан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Энэ мэдэгдэлд “геополитикийн шинэ нөхцөл байдалд” Казахстан болон Европын холбооны хамтын ажиллагаа нэн чухал, тэр дундаа түүхий эд, Ази, Европыг холбосон чиглэлүүдэд онцгой ач холбогдолтой хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Энд дуулгахад, ЕХ нь Казахстаны гол худалдааны түнш, мөн гол гадаадын хөрөнгө оруулагчийн дээр Казахстан Төв Ази дахь Европын холбооны гол худалдааны түнш юм.
Кремлийг алмайруулсан Токаевын мэдэгдэл
Зургадугаар сарын 17-ны өдөр Петербургийн эдийн засгийн форумын хүрээнд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар нээлттэй ярилцах үеэр Токаев өөрсдийгөө тунхагласан Луганск болон Донецкийн бүгд найрамдах улсыг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөхгүй гэх утга бүхий мэдэгдэл хийсэн юм.
“Үндэстнүүдийн өөрсдийгөө тодорхойлох эрх дэлхий даяар хэрэгждэг байсан бол дэлхий дээр 193 улс биш 500-600 гаруй улс байх ёстой байлаа. Ингэвэл эмх замбараагүй байдал бий болно. Ийм л шалтгаанаар бид Тайвань, Косово, Өмнөд Осети, Абхазийн аль алиныг нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ зарчим Луганск, Донецкод ч үйлчилнэ” хэмээн Токаев мэдэгдсэн юм.
Токаевын энэ үг Орост ихээхэн дуулиан дэгдээсэн. Оросын Төрийн Думын гишүүн Константин Затулин Токаевын мэдэгдлийн хариуд илтэд сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн.
“Ихэвчлэн орос хүн ам суурьшсан хэд хэдэн муж өөрсдийг нь Казахстан гэж нэрлэсэнд тааламжгүй ханддаг гэдгийг тэр маш сайн мэдэж байгаа” хэмээн мэдэгдсэнийг Казахстаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн хэрэг гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Петербургийн форумын үеэр Токаев анхаарал татсан хэд хэдэн мэдэгдэл хийсний нэг нь Барууны хоригтой холбоотой мэдэгдэл юм.
Тэрбээр Барууны хоригийг зөрчихгүйгээр Оростой эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсний дээр хориг мөрдөх тал дээр барууныхан Казастанд ямар ч дарамт шахалт үзүүлээгүй хэмээн онцолж байв.
Түүнчлэн, форумд оролцохоор Орост айлчилж байх үеэр нь Токаевт Александр Невскийн одон гардуулах гэж байсан ч тэрбээр Оросын шагналыг авахаас татгалзсан гэж Казахстаны “Тэнгри ньюс” агентлаг мэдээлжээ.
Хэвлэлийнхний мэдээлснээр, Токаев Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл ямар ч орны ямар ч шагналыг хүлээн авахгүй гэсэн байр суурьтай байгаа гэж тайлбарлажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ