Цаазын ял сонссон Британийн хоёр иргэний асуудлаар ОХУ Британитай хамтран ажиллахгүй

Их Британийн хоёр иргэн өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Улсын шүүхээс цаазын ял сонссонтой холбоотойгоор Их Британи Орос руу ноот бичиг илгээжээ. Гэвч ОХУ энэ асуудлаар хамтран ажиллах хүсэлгүй байгаа гэж Их Британи дахь ОХУ-ын элчин сайд Андрей Келин мэдэгдсэн байна.
"Британичууд бидэнд хандсан. Гэхдээ ноот бичгийн агуулга ихэмсэг, зааварласан өнгө аястай байсан тул бид энэ асуудлаар хамтран ажиллах хүсэл төрөөгүй" гэж Келин "Россия-24" сувагт ярьжээ. Түүний өгүүлснээр, энэ ноот бичигт ОХУ саатуулагдсан хүмүүсийн эрхийг хамгаалах ёстой гэж шаардсан байсны дээр "хэлэлцээ хийх гэж байгаа гэх шинж тэмдэг харагдаагүй" гэнэ.
Эргэн сануулахад, Их Британийн иргэн Шон Пиннер болон Эйден Аслин нар дөрөвдүгээр сарын дунд үеэр Мариуполь хотод олзлогдсон юм. Тэднийг хөлсний цэргийн үүрэг гүйцэтгэсэн тул цаазын ял оноох шийдвэрийг Донецкийн Дээд шүүх зургадугаар сарын есний өдөр гаргаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ