Дэлхийн хамгийн нэр хүндгүй удирдагч-Путин

Дэлхийн 18 оронд судалгаа явуулж, улс орнуудын төрийн тэргүүнд өгөх хүмүүсийн үнэлгээг гаргажээ. Энэ судалгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены нэр хүнд бага зэрэг унасан бол дэлхийн улс орнуудын хамгийн "муу" удирдагчаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тодорчээ.
Путин
2022 онд дэлхийн хамгийн нэр хүнд муу удирдагчаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тодорчээ. Америкийн Pew Research Center байгууллагаас 18 оронд явуулсан социологийн судалгаанд оролцогчдын ердөө есөн хувь нь Путинийг дэмждэг гэдгээ илэрхийлсэн байна.
Харин судалгаанд оролцогчдын 90 хувь нь Путиний бодлогыг шүүмжилсэн бөгөөд энэ нь энэ төрлийн судалгаа явуулснаас хойших 20 жилийн түүхэнд тохиосон хамгийн өндөр үзүүлэлт гэж судлаачид онцолжээ.
Pew Research Center байгууллагын онцолсноор, Путиний нэр хүнд үргэлж л ийм муу байгаагүй, харин сүүлийн жилүүдэд байнга унаж ирсэн гэнэ. Германд хийсэн судалгаагаад оролцогчдын 14 хувь нь Путинийг дэмжиж байгаа бол Германы залуусын дунд Путинийг 22-оос дээш хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Барууны үзэлтнүүд Путинийг дэмждэг
Судлаачдын тайлбарласнаар, Путинд хандах европчуудын хандлага тэдний улс төрийн үзэл баримтлалтай шууд холбоотой байгаа аж.
Улс орныхоо барууны популист намыг дэмждэг хүмүүс Путиний үйл хэргийг зөвтгөх нь олонтаа байгаа гэнэ. Тухайлбал, “Грекийн шийдвэр” намд тааламжтай ханддаг грекчүүдийн 55 хувь нь Путинийг дэмждэг гэсэн дүн гарчээ. "Ийм чиг хандлагыг Герман, Их Британи, Франц, Шведэд ч барууны популист намыг дэмждэг хүмүүсийн дунд олж харж болно” хэмээн судлаачид өгүүлжээ.
Энэ судалгаагаар Орос улсад хандах хандлага ч өөрчлөгдсөн гэдэг нь тодорхой болсон байна. Дэлхийн 18 оронд хийсэн судалгааны оролцогчдын 85 хувь нь Оросын талаар таагүй сэтгэгдэлтэй, Орост хандах хандлага нь “тааламжгүй” болсон гэж хариулжээ. Тухайлбал, Германд ороцлогчдын ердөө 16 хувь нь Орост сайнаар ханддаг гэж хариулсан байна.
Байдены нэр хүнд ч унав
Энэ онд Америкийн Ерөнхийлөгчийн нэр хүнд ч унажээ. Германд явуулсан судалгаагаар оролцогчдын 64 хувь нь Байденыг дэмждэг хэмээн хариулсан байна. Өмнөх онд энэ үзүүлэлт 78 хувьтай байжээ. Европын бусад орнуудад ч Байденыг дэмжих хандлага буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Тухайлбал, Их Британид Байденыг дэмжигчид 56 хувь хүртэл, Францад 53, Испанид 56 хувь хүртэл буурчээ. Хэдийгээр энэ жил Жо Байдений нэр хүнд ийнхүү буурсан үзүүлэлттэй байгаа ч судалгаанд оролцогчдын 60 хувь нь түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэр дундаа, Польшид хийсэн судалгаагаар оролцогчдын 82 хувь нь Байденыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь Европ дахь хамгийн өндөр үзүүлэлт бол Грект 41 хувь нь дэмжиж байгаа нь хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байгаа аж.
Гэхдээ олон нийтийн санаа бодлын асуулгаар Байден Трампаас илүү нэр хүндтэй байгаа гэсэн үр дүн гарсан байна. Байден Трампаас нэр хүндээрээ доогуур гэсэн үр дүн гарсан цорын ганц улс нь Израиль болжээ. Энэ улсад оролцогчдын 60 хувь нь Жо Байденыг дэмждэг гэдгээ илэрхийлсэн бол Трампыг дэмжигчид 71 хувьтай байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ