Колин Каль: Тулалдааны талбарт украинчууд хүч давамгай байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн, Украиныг чиглэсэн түрэмгийлэл 167 дахь өдрөө үргэлжиллээ.
Орос Украины нутаг дэвсгэр рүү түрэмгийлж эхэлсний 167 дахь өдөр ОХУ-ын цэргүүд хөрш орныхоо суурин газруудыг эзлэн авах оролдлогоо үргэлжлүүлж, харин Украины Зэвсэгт хүчин болон нутаг дэвсгэрийн хамгаалалтын отрядууд эсэргүүцэл үзүүлсэн хэвээр байна. Дайн эхэлснээс хойш Украины 14 сая иргэн орон гэрээ орхин дүрвэжээ.
Пентагон: Украинд амиа алдаж, шархадсан орос цэргийн тоо 80 мянга орчим болсон
Дайн эхэлснээс хойш ОХУ цэрэг армид нь учирсан хохирлын талаар мэдээлэхгүй байгаа бөгөөд цэргийн хохирол нь төрийн нууцад хамаардаг хуультай гэсэн шалтгаанаар ийнхүү нууцалж байгаа юм. Харин хөндлөнгийн орнуудын гаргасан үнэлгээгээр ОХУ олон тооны цэргээ алджээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны дүгнэснээр, Украины эсрэг дайнд ОХУ-ын 70-80 мянган цэрэг амиа алдсан эсвэл шархадсан гэнэ. Украины Зэвсэгт хүчин сайн ажиллаж, барууны орнуудаас ихээхэн дэмжлэг авч байгаа тул Оросын арми асар их хохирол амссан гэж Пентагоны өндөр албан тушаалын төлөөлөгч Колин Каль мэдэгдсэнийг DW дамжуулжээ. Тэрбээр Оросын өдүүлсэн дайныг "Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш ердийн зэвсэг ашиглан өрнөж буй, Европ дахь хамгийн эрчимтэй сөргөлдөөн" хэмээн дүгнэсэн байна.
Калийн үзэж байгаагаар, одоогийн байдлаар украинчууд давуу талтай байгаа гэнэ. Украины Зэвсэгт хүчний цэргүүд эр зориг, тулалдахад бэлэн байгаагаараа оросуудаас илүү байгаа гэж Каль үзэж байгаа аж. Түүнчлэн, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд тавьсан зорилгынхоо нэгэнд нь ч хүрээгүй гэж Пентагоны төлөөлөгч үзэж байгаагаа илэрхийлжээ.
"Түүний гол зорилго нь улсыг бүхэлд нь эзлэж, Киевийн засаглалыг сольж, тусгаар, бие даасан, ардчилсан үндэстэн болох Украиныг устгахад оршиж байсан. Гэвч энэ зорилгодоо огт хүрээгүй" хэмээн Колин Каль онцолжээ.
Зеленский: Украин бүхнийг эргүүлэн авах ёстой
Дайн эхэлсний дараагаас Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ард түмэндээ хандан, дүрс бичлэгээр тогтмол мэдэгдэл хийдэг болсон. Энэ удаагийн мэдэгдэлдээ "түрэмгийлэгч орон шийтгүүлэх ёстой" хэмээн онцолжээ.
"Украины эсрэг өдүүлсэн Оросын дайны дараа өрнөж байгаа, түр намжсан сөргөлдөөн ч үлдэх ёсгүй. Орос улс түр эзлэн түрэмгийлсэн бүхнийг Украин эргүүлэн авах ёстой, харин түрэмгийлэгч орон гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө шийтгүүлэх ёстой" хэмээн Зеленский цохон тэмдэглэжээ.
Түүний өгүүлснээр, "түрэмгийлэгч илт ялагдаж, эзэлсэн бүхнээ алдан, үйлдсэн хэргийнхээ төлөө олон улсын шүүхээр орсон нөхцөлд л дахин дайн гарахаас сэргийлэх боломжтой гэнэ. "Бид өөрсдийгөө хамгаалахдаа террорист орны заналхийлэлд өртөж байсан бусдыг ч хамгаалж байгаа юм" хэмээн Зеленский онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ