АНУ Беларусийн 100 иргэнд визийн хориг тавилаа

АНУ Лукашенкогийн дэглэмтэй холбоотой, Беларусийн 100 албан тушаалтны эсрэг визийн хориг тавьжээ. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдэлд өгүүлсэн байна.
Энтони Блинкений мэдэгдсэнээр, Беларусь дахь "ардчилсан институтийг таслаж, хор хохирол учруулахад " оролцсон хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ тавихаар болжээ. 2020 онд Беларусьт Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эсэргүүцэл илэрхийлсэн хүмүүсийг эрхээ эдэлж, ирээдүйгээ тодорхойлоход нь саад болж, дарсаар ирсэнд оролцсон хүмүүст визний хориг тавьж байгааг Блинкен онцолсон байна.
АНУ-ын хоригт Лукашенкогийн захиргаа, Дотоод хэргийн яам, Улсын аюулгүй байдлын хороо, Ерөнхий прокурорын газар, Мөрдөн шалгах хороо, Тээвэр, харилцааны яам зэрэг төрийн байгууллагууд, орон нутгийн эрх барих байгууллагуудын төлөөллүүд багтжээ.
Эргэн сануулахад, 2020 оны наймдугаар сарын есний өдөр Беларусьт олныг хамарсан жагсаал эхэлж байлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн луйврыг эсэргүүцсэн хүмүүс гудамж талбайд өдөр бүр цуглан, тайван жагсаал хэдэн сарын турш үргэлжилсэн ч тэднийг барьж шийтгэн, хариуцлага хүлээлгэсээр эцэст нь иргэдийн эсэргүүцэл дарагдсан юм. Энэ үйл явдлын дараа 5000 гаруй эрүүгийн хэргийг улс төрийн сэдлээр үүсгэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ