Дайны 168 дахь өдөр: Оросын иргэдийг Европ руу нэвтрэхийг хориглож болзошгүй

ОХУ-ын арми хөрш Украин руу халдаж, дайн эхэлснээс хойших 168 дахь өдөр өчигдөр буюу наймдугаар сарын 10-ны өдөр өнгөрлөө. Оросын цэргүүд суурин газруудыг эзлэхээр оролдож, Украины тал түрэмгийлэлд хариу өгсөөр байгаа юм.
Запорожийн АЦС-ыг Украины хяналтад шилжүүлэхийг олон улс уриалав
Украины Запорожийн атомын цахилгаан станцын орчимд сүүлийн өдрүүдэд буун дуу сонсогдож, үүнд сөргөлдөгч хоёр тал нэгнээ буруутгаж байгаа юм. ОХУ Украиныг энэ цахилгаан станц руу артиллерээр буудаж байгаа хэмээн буруутгаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр уг асуудлыг хэлэлцүүлэх эрмэлзэлтэй байгаа талаарх мэдээлэл наймдугаар сарын есний өдөр гарч байлаа.
Запорожийн АЦС нь Европ дахь хамгийн том станц юм. Энэ станц гуравдугаар сард Оросын цэргүүдийн хяналтад орж байлаа. Улмаар наймдугаар сарын тавны өдөр станцын орчимд буун дуу сонсогдох болсон нь дэлхий дахиныг түгшээж, Чернобылийн аюул давтагдах нь гэсэн болгоомжлол даамжирсан юм.
Ийнхүү байдал ноцтой болсон тул G7-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Орост хандан Запорожийн атомын цахилгаан станцыг "хууль ёсны эзэмшигч болох Украины хяналтад эргүүлэн өгч, аюулгүй ашиглах нөхцөлийг хангах"-ыг уриалсан байна. "Украины цөмийн объектуудыг эзлэн авсан болон Оросын Зэвсэгт хүчний бусад үйлдлүүд нь цөмийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж, Украин, түүний хөрш зэргэлдээ орнуудын хүн ам төдийгүй дэлхий дахинд аюул занал учруулж байгаа" нь нэн санаа зовнихуйц асуудал гэж Гадаад хэргийн сайд нарын гаргасан уриалгад цохион тэмдэглэжээ.
Украинд үзүүлсэн барууны цэргийн тусламж
Дайн эхэлснээс хойш л барууны орнууд Украинд цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа юм. Энэ удаад Украины Зэвсэгт хүчин Германаас Gepard өөрөө явагч зенит артиллерийн төхөөрөмжийг дахин дөрвийг хүлээн авсан гэж ХБНГУ-ын Засгийн газар мэдэгджээ.
Ингээд Украин нийтдээ 12 зенит артиллерийн төхөөрөмжийг Германаас тусламж болгон авлаа. Мөн сүүлийн өдрүүдэд Gepard-ын 49 мянган сум, гурван хуягт засвар нүүлгэн шилжүүлгийн машин хүлээн авчээ.
Орос Украинд дайтах шинэ нэгтгэлүүдийг бүрдүүлж байна
Украины дайнд оролцуулахаар томоохон цэргийн нэгтгэлийг ОХУ бүрдүүлж байж магадгүй гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. БХЯ-ын тагнуулын мэдээгээр, Нижегород мужийн Мулино тосгоны нутагт гуравдугаар армийн корпус байрхшиж байгаа гэнэ. Энэ корпусийг сайн дурын батальонуудаас бүрдүүлэхээр төлөвлөж байгаа гэж Британийн тагнуулууд үзэж байгаа аж.
Оросын хүн амын дунд байлдах хүсэл эрмэлзэл байхгүй учраас 15-20 мянган бие бүрэлдэхүүнтэй корпусыг ОХУ бүрдүүлж чадахгүй байх гэж Британийн Батлан хамгаалахын яам үзэж байгаа гэнэ. Харин Америкийн Дайн судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, Оросын эрх баригчид Украины дайнд оролцох сайн дурынхныг цуглуулахын тулд ОХУ дахь цагаачид болон угсаатны төлөөллүүдийн байгууллагуудын тэргүүнүүдийг өөртөө татаж байгаа гэнэ. Үүний нэг жишээ нь Пермийн хязгаарт амьдардаг Узбекийн иргэдээс бүрдсэн "Амир Тимур" сайн дурын батальон гэж хүрээлэнгийн тайланд онцолжээ.
Орос дахь Узбекистаны Элчин сайдын яам иргэддээ хандан гадаад орны нутаг дэвсгэр дээр дайнд оролцохгүй байхыг анхааруулж, хөлсний цэргээр ажиллавал Узбекийн хуулийн дагуу 10 хүртэлх жилийн хорих ял сонсоно гэдгийг сануулсан байна.
Оросууд Европын орнууд руу нэвтрэх боломжгүй болж магадгүй
Украины Ерөнхийлөгч Зеленский барууны орнуудад хандан Оросын бүх иргэдэд виз олгохгүй байхыг уриалж байсан. Үүний араас Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Европын холбоо болон G7-ын орнуудад хандан "Оросуудад виз олгохоо зогсоох"-ыг уриалсан юм.
"ЕХ болон G7-ын орнуудыг оросуудад виз олгохоо зогсоохыг уриалж байна. Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн ийм байр суурьтай байгаа. Оросуудын дийлэнх нь Украин дахь дайныг дэмжиж байгаа. Тэд олон улсын хилийг хүндэлж сурах хүртлээ хилээр нэвтрэх эрхээ хасуулах ёстой" хэмээн Кулеба Твиттер хуудсандаа бичсэн байна.
ОХУ-ын иргэдэд Шенгений виз олгохоо зогсоохтой холбоотой асуудлыг Европын холбоо хэлэлцээд эхэлсэн байна. Одоогоор улс орнууд энэ асуудлаар нэгдмэл байр сууринд хүрээгүй байгаа аж. Тухайлбал Герман улс визний асуудлаар тодорхой байр сууринд хүрээгүй байгаа бөгөөд ийм визний хориг тавьбал Оросын жуулчид төдийгүй Европын холбооны орнуудын иргэдийн төрөл төрөгсөд, Европын холбооны орнуудад амьдардаг оросууд, түүнчлэн Оросын иргэний нийгмийн төлөөлөгчид, сурагч, оюутнууд хохирно гэж Германы Гадаад хэргийн яам анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ