Украинчуудын 98 хувь нь дайнд ялна гэдэгтээ итгэлтэй байдаг

Украинчуудын 98 хувь нь Оростой хийж буй дайнд Украин ялна гэдэгт итгэлтэй байдаг бол 91 хувь нь Зеленскийн үйл хэргийг дэмждэг гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ судалгааг Украины Крым, Донецк, Луганск гэсэн эзлэн түрэмгийлэгдсэн нутгаас бусад бүх нутагт санамсаргүй түүврийн аргаар, утсаар ярилцах байдлаар Аналитик судалгааны төв явуулсан байна.
Украин дайнд ялна гэдэгт итгэдэг эсэх талаарх асуултад оролцогчдын 98 хувь нь "тийм" гэж хариулсан бол нэг хувь нь "итгэдэггүй", дахин нэг хувь нь хариулахад хүндрэлтэй байна гэжээ. Харин Зеленскийн үйл хэргийг дэмжиж байгаа эсэх талаар асуухад 59 хувь нь "ихээр дэмждэг", 32 хувь нь "ерөнхийдөө дэмждэг" гэж хариулсан байна. Зеленскийг огт дэмждэггүй гэж хариулсан оролцогчдын тоо ердөө хоёр хувь байжээ.
Энэ судалгаагаар украинчуудын 64 хувь нь Украин улс Оросын эзлэн түрэмгийлэгчдэд газар нутгаа өгөхгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийнхээ хүрээнд нутаг дэвсгэрээ хадгалж үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэсэн дүн гарсан байна. Мөн оролцогчдын 14 хувь нь хоёрдугаар сарын 24-ний түрэмгийллээс өмнө хяналтад нь байсан нутаг дэвсгэрээ эргүүлэн авна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ