БНХАУ: АНУ Хятадтай тэмцэлдэх нь сайнаар дуусахгүй

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайвань аралд айлчилсан нь Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, БНХАУ АНУ-д хандан ширүүн мэдэгдэл хийсээр байна.
Энэ удаад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-д хандан "1,4 тэрбум хятадын эсрэг тэмцэх нь "сайнаар дуусахгүй" хэмээн анхааруулжээ.
"Хариуцлагаа зөрчиж, Тайванийн асуудлаар зориудаар өдөөн хатгах нь АНУ-д итгэх итгэлийг улам бүр алдагдуулна. 1,4 тэрбум хятадын эсрэг тэмцэх нь яаж ч байсан сайнаар дуусахгүй" хэмээн Ван И мэдэгдсэнийг GT сонин дамжуулжээ.
Энд дуулгахад, БНХАУ Тайванийг өөрийн нэг муж, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн нэгдэх нутаг дэвсгэр гэж үздэг тул Тайваньтай аливаа орон тусгаар улс мэтээр харилцахыг эрс эсэргүүцдэг. Тиймдээ ч АНУ, Тайванийн харилцааг буруушааж, сүүлд Пелоси айлчлах үеэр армиа бэлэн байдалд оруулан, айлчлалын дараа ч цуврал цэргийн сургуулилалт хийж байсан юм. Түүнчлэн Тайванийг нэгтгэхийн тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй байх хандлага сүүлийн үед гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд л, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газраас гаргасан "Тайванийн асуудал ба шинэ эрин дэх Хятадын нэгдэл" цагаан номонд Тайванийг нэгтгэхийн тулд энх тайвны замаар бүхий л аргыг хэрэглэнэ , гэхдээ хүч хэрэглэхгүй гэх баталгаагүй хэмээн тусгасан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ