Эрчим хүчний хямралын улмаас Британи Австралиас хий импортолж эхэлжээ

Европын орнуудад эрчим хүчний хямрал нүүрлэж байгаа энэ үед Их Британи Австралиас байгалийн шингэрүүлсэн хий импортолж эхэлжээ. Энэ талаар Kpler эрчим хүчний судалгааны компаниас авсан эх сурвалжтайгаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2016 оноос хойш Австралиас байгалийн шингэрүүлсэн хийг Европ руу нийлүүлж байгаагүй гэнэ. Харин эрчим хүчний хямрал нүүрлэсэн энэ үед Британи Австралиас хий авахаар шийдсэн бөгөөд хий ачсан хөлөг онгоц наймдугаар сарын 22-ны өдөр Британид ирэх аж.
Энд дуулгахад, Украин, Оросын дайнаас үүдэлтэйгээр барууны орнууд Оросын эсрэг хориг тавьж, ОХУ хий нийлүүлэлтээ эрс багасгасан юм. Улмаар Оросын хийнээс ихээхэн хамааралтай Европын орнуудад эрчим хүчний хямрал нүүрлэх бодит аюул тулгарсан. Энэ хүрээнд ирэх өвөл байдал хүндэрвэл авах арга хэмжээний төлөвлөгөөг Британийн Засгийн газар боловсруулсан бөгөөд шаардлагатай тохиолдолд хэрэглэгчдэд эрчим хүчийг хязгаартайгаар дамжуулах хувилбар ч төлөвлөгөөнд багтжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ