Нигерид цагаан арьстнуудыг сурталчилгаанд тоглохыг хоригложээ
2022-08-29

Нигерийн эрх баригчид гадаадын загвар өмсөгчдийг сурталчилгааны зураг авалтад оролцохыг бүрэн хориглох шийдвэр гаргажээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сурталчилгаанд гагцхүү Нигерийн иргэн тоглох бөгөөд мөн дуу оруулах жүжигчид ч зөвхөн нутгийн иргэд байх ёстой гэнэ. Сурталчилгаанд гадаадын загвар өмсөгчдийг тоглохыг ийнхүү хориглож байгаа нь "улс орондоо авьяастнуудыг хайх"-ын төлөөх тэмцлийн дараагийн алхам гэнэ. Өмнө нь энэ арга хэмжээний хүрээнд гадаад загвар өмсөгчдийг сурталчилгаанд тоглуулсан компаниуд 100 нигер найрын татвар төлдөг байжээ. 

 

"Та 10-20 жилийн өмнөх сурталчилгаануудыг үзсэн бол тэнд 50 хүний 50 нь гадаад, дуу оруулж байгаа хүмүүс нь бүгд л британи аялгатай байгааг харах байлаа. Бид чинь 200 саяулаа. Тэгээд нутгаасаа авьяастнууд олж чадахгүй гэж үү" хэмээн Сурталчилгааны агентлагуудын холбооны тэргүүн Стив Бабаеко өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, одоо "сэргэн мандалтын үе" ирсэн бөгөөд залууст "бахархлын шинэ мэдрэмж төрсөн" гэнэ. Нигерид 213 сая хүн амьдардаг, Африктаа хамгийн их, дэлхийд хүн амаараа зургадугаарт ордог орон юм. Өмнө нь Их Британийн колони байсан энэ улс 1960 онд тусгаар тогтнож байв. Британийн колони байсан тул төрийн хэл нь англи хаэл бөгөөд британи аялгыг ихээхэн "шүтдэг" аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин