Ираны эсэргүүцлийн идэвхтнүүдийн нэг болох бүсгүйг цагдаагийнхан буудан хороожээ

Иранд "хижабаа буруу өмссөн" хэмээн буруутгагдан цагдаагийнханд баривчлагдаж, улмаар нас барсан залуу бүсгүйн үхэлтэй холбоотойгоор эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсан тэмцэж, улмаар энэ эсэргүүцэл Ираныг бүхэлд нь хамарч, эсэргүүцэл нь эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Эсэргүүцэгчдийг тараахын тулд хууль сахиулагчид хүч хэрэглэж байгаа гэх мэдээлэл гарч байсан бөгөөд энэ үеэр идэвхтнүүдийн нэг бүсгүйг буудан хороосон талаар Ираны сэтгүүлч Масих Алинежад мэдэгджээ.
Тодруулбал, "Хижаб буруу өмссөн" хэмээн саатуулагдаж, улмаар амиа алдсан Махса Амина бүсгүйн үхлийн дараа өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын оюун санааны нөлөөлөгчдийн нэг, идэвхтэн 20 настай Хадис Нажафиг Ираны цагдаагийнхан буудан хөнөөсөн гэж сэтгүүлч Твиттер хуудсандаа бичжээ.
"Түүнийг Хадис Нажафи гэдэг байсан. Тэр ердөө 20 настай байсан, Караж хотод цээж, нүүр, хүзүүн тус газраа зургаан удаа буудуулж амиа алдсан гэж эгч нь надад ярилаа" хэмээн сэтгүүлч масих Алинежад Твиттер хуудсандаа бичжээ. Сэтгүүлчийн өгүүлснээр, амиа алдсан бүсгүй жагсаалын өмнө хижабгүй зогсож, бусдыг уриалж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсны дараа идэвхтэн бүсгүй ихээхэн алдаршсан гэнэ.
Иранд долоо хоног өрнөсөн жагсаалын үеэр 35 хүн амиа алдсан гэж тус улсын албаныхан мэдэгдсэн бол жагсаал зохион байгуулагчид "дор хаяж 50 хүн амиа алдсан" хэмээн мэдэгджээ. Ираны Батлан хамгаалахын сайд Ахмад Вахиди мэдэгдэл хийхдээ үймээн дэгдээгчид эмх журам, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа тул ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой хэмээн онцолсон юм. Түүнчлэн Махса Аминагийн үхлийн шалтгаан нь цагдаагийнхантай огт хамаагүй хэмээн мэдэгджээ.
Залуу бүсгүйн үхлийн дараа Ираны эмэгтэйчүүд эсэргүүцэлд нэгдэж, хижабаа шатааж байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ