Оросын Холбооны аюулгүй байдлын алба Японы консулыг тагнуул хийсэн хэргээр саатуулжээ

Оросын Владивосток хотод Японы Ерөнхий консулын газрын консул Мотоки Тацунориг саатуулсан гэж Холбооны аюулгүй байдлын албанаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, консул нийтэд тараах зориулалтгүй мэдээллийг хүлээн авч байх үедээ саатуулагдсан бөгөөд түүнийг "персона нон грата" буюу "тааламжгүй этгээд" хэмээн зарласан байна. Японы консул "Ази Номхон далайн бүс нутгийн нэгэн оронтой хамтран ажиллах хүрээлэл, Барууны хориг арга хэмжээний бодлого Приморийн хязгаарын эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлөх" тухай мэдээллийг авахыг завдсан гэнэ.
Холбооны аюулгүй байдлын албаны мэдээлснээр, дээрх мэдээллийг авахын тулд мөнгө амалсан гэх бөгөөд консул бэлэн мөнгөтэй явж байгаад саатуулагджээ. Энэ хэргээс болж Оросын тал дипломат сувгаар дамжуулан Японд эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Үүний хариуд Японы тал ч мөн Оросын Гадаад хэргийн яаманд хариу эсэргүүцэл илэрхийлжээ. Дипломатыг хөөн гаргах Москвагийн шийдвэр нь "гутаан доромжилсон, байж болшгүй" хэрэг хэмээн Японы Гадаад хэргийн сайд үзэж байгаа талаар NHK агентлаг мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ