Цагаан ордон: Дайчилгаанаас зугтсан оросууд АНУ-аас орогнол хүсэж болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Үүний дараа л дайчилгаанд хамрагдах насны Оросын эрчүүд олноор хилийн чанадыг зорьж, тийзний эрэлт огцом нэмэгдэж, гадаад төдийгүй дотоодын нислэгийн тийз олдохоо больсон бол Гүрж, Монгол зэрэг хуурай замаар хиллэдэг орнуудыг зорьсон машины цуваа тасрахгүй байгаа юм.
Хилийн чанадыг зорьсон оросуудын тоо ийнхүү нэмэгдэж байгаа үед Оросын иргэдийн дамжин өнгөрөх бүс болохоос болгоомжилсон Финланд улс жуулчны визтэй оросуудыг нэвтрүүлэхийг хориглохоор болсон бол АНУ оросуудад орогнол олгоход бэлэн гэжээ. Тодруулбал, дайчилгаанаас зугтаж байгаа Оросын иргэд АНУ-аас орогнол хүсэж болно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдсэн байна.
"Үндэс угсаанаас үл хамааран тэд АНУ-аас орогнол хүсэх өргөдөл гаргаж болно гэж бид үзэж байна. Гаргасан өргөдөл бүрийг бид тухайлан авч үзнэ" хэмээн Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрбээр орогнол хүссэн хүн бүрийг найр тавин угтана гэж мэдэгдсэн хэдий ч дайчилгаанаас зугтаж байгаа оросуудад онцгой эрх эсвэл давуу тал олгоно гэж амлаагүй аж.
Өмнө нь Германы эрх баригчид ч дайчилгаанаас зугтсан болон Путиний дэглэмийг эсэргүүцэгч оросуудад тодорхой нөхцлөөр орогнол олгоход бэлэн хэмээж байв.
Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласан есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш Оросоос олон мянган хүн гарч явсан байна. Зөвхөн хил залгаа Казахстан, Гүрж, Монгол, Финланд улс руу гэхэд нийтдээ 200 мянга орчим хүн нэвтэрсэн гэсэн мэдээллийг ВВС дамжуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ