Михаил Ходорковский Монгол, Казахстан, Гүржийн иргэдэд талархал илэрхийлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын олон мянган иргэн гадаад орныг зорьсон. Сүүлийн үеийн мэдээллээр дайчилгаа зарласнаас хойш 200 мянга орчим иргэн хилийн чанадыг зорьсноос 3,8 мянга нь Монголд иржээ. Оросын иргэд Гүрж, Казахстан, Финланд, Монгол зэрэг хөрш орнуудаа зорьж, хуурай замын хилээр гарахын тулд өдөр шөнөгүй дараалалд зогсож байгаагийн дээр очсон газар бүрт нь тэдэнд туслаж байгаа гэх мэдээлэл гарсаар байгаа юм. Үүнд ч ОХУ-ын иргэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан талархал илэрхийлсээр байна.
Тэдний нэг, Оросын нэрт бизнесмен, улс төр, нийгмийн зүтгэлтэн, нийтлэлч Михаил Ходорковский Монгол, Казахстан, Гүржийн иргэдэд талархал илэрхийлжээ.
"Монгол улс дайчилгаанаас зугтсан хүмүүст тусламжийн гар сунгаж байна. Казахстанд тэднийг сайн дурынхан угтаж, үнэ төлбөргүй хоноглох байр өгч байна. Харин улсынх нь нэг хэсгийг Оросын арми эзлэчихсэн байхад ч Гүрж улс хилээ нээлттэй байлгаж байгаа юм. Оросын иргэд тэдэнд хүнд үед нь тусалсан хүн бүхнийг талархан дурсана" хэмээн Ходорковский Твиттер хуудсандаа бичжээ.
Монголын тухайд Буриадын залууст гар сунгах хүсэлтэй олон хүн нэгдэн, тэдэнд ажлын байр, амьдрах сууц санал болгож байгаа бол хэд хэдэн бизнесийн байгууллагууд ажлын байр санал болгож, харин зарим зочид буудал Буриадын залууст хямдралтай үнээр үйлчилнэ гэдгээ мэдэгдсэн байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ