Путин Херсон, Запорож мужийн тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөв

ОХУ дайны явцад эзлэн түрэмгийлсэн нутаг дээрээ Орост нэгдэх тухай олон нийтийн санал асуулга явуулж, улмаар энэ санал асуулгын дүнгээр 90 гаруй хувь нь зөвшөөрсөн гэж эзлэгдсэн нутгуудын Оросын талын захиргааныхан мэдэгдэж байлаа. Дэлхийн аль ч улс хүлээн зөвшөөрөх боломжгүй энэ үйлдлийг Оросын хуулиар "баталгаажуулах" зорилгоор Путин зарлиг гаргажээ.
Интерфакс агентлагийн мэдээлснээр, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Запорож, Херсон мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Энэ зарлиг эрхзүйн мэдээллийн албан ёсны порталд нийтлэгдсэн бөгөөд ингэснээр зарлиг хүчин төгөлдөрт тооцогдож байгаа гэсэн үг. Зарлигт НҮБ-ын дүрэмд байх ард түмэн өөрийгөө тодорхойлох, тэгш эрхтэй байх зарчмыг хүлээн зөвшөөрөн, олон улсын эрхзүйн зарчмыг баримталж шийдвэр гаргасан хэмээжээ.
Путин ийнхүү олон улсын эрхзүйг иш татсан бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш "сүрдүүлж, хүч хэрэглэж өөр орны нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх нь НҮБ-ын Харт болон олон улсын эрхзүйн зарчмыг зөрчсөнд тооцогдоно" хэмээн мэдэгдсэн юм.
ОХУ-ын эрх баригчид хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдахаасаа ердөө нэг өдрийн өмнө Донецк, Луганскийн "бүгд найрамдах улсууд"-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байлаа. Үүний дараа цэрэг оруулсныгаа Донецк, Луганскад цэргийн тусламж үзүүлэх шаардлагатай хэмээн тайлбарлаж байсан ч Оросын арми гагцхүү Донбассын нутаг дэвсгэрийг төдийгүй Украины бусад нутаг, тэр дундаа Киев, Чернигов, Житомир, Сумск, Харьков, Запорож, Николаев, Херсон мужуудын нутгуудыг ч эзлэх оролдлого хийсэн юм.
Одоо Оросын цэргүүд Херсон мужийг бараг бүхэлд нь, түүнчлэн Запорож, Донецк, Луганскийн хэсэг нутагт хяналтаа тогтоосон. Гэхдээ Украины эдгээр нутгуудын аль нь ч Оросын бүрэн хяналтад ороогүй байгаа юм.
Цаашид яах вэ?
Украины эзлэгдсэн нутгуудыг ОХУ-д нэгтгэх тухай олон нийтийн санал асуулгыг есдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Энэ санал асуулгын дүнгээр оролцогчдын 90 гаруй хувь нь Орост нэгдэхийг зөвшөөрсөн гэж Оросын талыг баримтлагч захиргааныхан мэдэгдэж байлаа. Улмаар эзлэгдсэн нутгуудад ОХУ-ын томилсон удирдагчид лхагва гарагийн үдэш Москвад ирсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Үүнээс өмнө тэд бүс нутгаа Оросын бүрэлдэхүүнд багтаах албан хүсэлтийг Владимир Путинд хандан гарагж байлаа.
Улмаар, өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны баасан гарагт Путин Украины эзлэгдсэн нутгуудыг Оросын бүрэлдэхүүнд оруулах "гэрээ"-нд гарын үсэг зурах төлөвтэй байна. Гарын үсэг зурах ёслол Москвагийн цагаар 15:00 цагт Кремлийн Георгийн танхимд болохоор товлогджээ. Мөн энэ үеэр Путин олон нийтэд хандан үг хэлэх аж.
Түүнчлэн өнөөдөр Улаан талбай дээр цугларалт, тоглолт болно гэж ТАСС мэдээлжээ. Энэ арга хэмжээ нь "БНДАУ, БНЛАУ, Запорож, Херсон мужуудыг, Оросын бүрэлдэхүүнд багтаах тухай олон нийтийн санал асуулгын дүнг дэмжсэн" агуулгатай байх бөгөөд Путин арга хэмжээнд оролцох гэнэ.
Коммерсант агентлагийн мэдээлснээр, дээрх дөрвөн бүс нутагтай Путин олон улсын гэрээ байгуулж, улмаар эдгээр гэрээг шинэ субъект хүлээн авах тухай хуулийн дагуу Холбооны хурлаар соёрхон батлуулах аж. Дараа нь, Оросын парламентын хоёр танхим ирэх долоо хоногт Украины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх асуудлаар санал хураалт явуулж, үүний дараа Оросын Үндсэн хуульд тусгах гэнэ.
Олон нийтийн санал асуулга явуулахаар зэхэж байгаа талаарх мэдээлэл гарсны дараа л дэлхийн улс орнууд олон нийтийн санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн бол Украины тал энэ санал асуулга эзлэгдсэн нутаг дэвсгэрээ эргүүлэн авахад нөлөөлөхгүй хэмээн онцолсон юм.
Гэвч эзлэгдсэн нутгаа эргүүлэн авах Украины оролдлого ихээхэн ноцтой үр дагаварт хүргэж мэдэх юм. Учир нь нэгэнт л санал асуулга нэрийн дор Украины нутгийг өөрийн болгож байгаа ОХУ дараагийн удаад эдгээр нутгийг чөлөөлөх гэсэн Украины алхам бүрийг "Оросын бүрэн бүтэн байдалд халдсан" гэж үзэн шалтаглаж, хурцадмал байдал улам дэвэрч мэдэхээр байна. Өнгөрсөн долоо хоногт л Владимир Путин мэдэгдэл хийхдээ "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдвал цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй" гэх утгатай мэдэгдэл хийж дэлхий дахиныг түгшүүрт автуулсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ