Гүржүүд оросуудыг явахыг шаардан жагсжээ

ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласны улмаас цэрэгт татагдахаас эмээсэн залуус хөрш орнуудаа олноор зорьсон. Оросын иргэд очиж байгаа орнуудад туслах, тэднийг дэмжих хүмүүс олон байгаа бол дургүйцэж хүлээн авах хандлага ч ажиглагдаж байгаа талаарх мэдээлэл гарсаар байна. Ийм хандлага гарах болсон орнуудын нэг нь Гүрж юм.
Извсетия сонины мэдээлснээр, Гүржийн нийслэл Тбилиси хотноо иргэд оросуудыг нутаг буцахыг шаардан жагсаал зохион байгуулжээ. Гүржид ирсэн оросуудад нутгийн иргэд дургүйцэж байгаа тул энэ улсаас нэн даруй явахыг шаардаж байна хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчид мэдэгджээ. "Танай засгийн газар бидний асуудал биш" хэмээн гүржүүд хашгирч байсан гэнэ.
Энд дуулгахад, дайчилгааны дараа Оросын иргэд олноор хөрш орнуудаа зорих болсны дараа Гүржийн хил дээр цэргийн комиссарын газрынхан ажиллаж, хил дээр дараалалд зогсож байгаа ОХУ-ын иргэдэд зарлан дуудах хуудас гардуулж байгаа талаарх мэдээлэл гарсан. Түүнчлэн явуулын цэргийн штаб байгуулсан талаар ч зарим хэвлэл мэдээлж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ