Япон улс Хойд Солонгостой холбоотой компаниудын эсрэг хориг тавьжээ

БНАСАУ-ын пуужин болон цөмийн хөтөлбөртэй холбоотой таван байгууллагын эсрэг Японы засгийн газар хориг тавьсан бөгөөд эдгээр компаниудын хөрөнгө илэрсэн тохиолдолд царцаана гэж Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдэгдсэнийг Kyodo агентлаг дамжуулжээ.
Ийнхүү хориг тавих болсон нь Хойд Солонгосын зүгээс өдөөн хатгасан үйлдлээ удаа дараа давтаж байгаатай холбоотой гэнэ. "Хойд Солонгос Японы төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна" хэмээн Мацуно мэдэгдээд ийм үйлдэл гаргах нь байж болшгүй хэмээн онцолсон байна.
Энд дуулгахад, 10 дугаар сарын дөрөвний өдөр Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөн нь Японы нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч, Номхон далайд унасан юм. Үүний дараа Японы Засгийн газар БНАСАУ-д "шийдэмгий эсэргүүцэл" илэрхийлж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ